-Сайн уу, өглөөний мэнд хүргэе. Хаваржаа тавлаг уу?
-Тавлаг тавлаг. Танд ч бас өглөөний мэнд хүргэе.
-Хүүхдүүд шуугиад л, ХБК-ийн хичээл завсарлаж байгаа юм уу даа?
-Харин тийм ээ. Ярихад хэцүү байна уу, бид ч бүр дасчихсан.
-Таны цомгийн баяр хэзээ, хаана болох юм бэ?
-Энэ сарын 22-нд ХБК-ийн концертын танхимд болно. Урьж байна, ирээрэй. Танай сонинд урилга хүргүүлнэ ээ.
-Баярлалаа. Хос цомог гэлүү. Ямар ямар бүтээл багтаасан бэ?
-“Галдан бошгот” симфони сюитээ нэг талд нь, харин нөгөө хэсэгт нь морин хуурын, болон ятгын концертоо, бас “Улаанбаатар” чуулгын таван жилийн ойд зориулсан “Хишигтэн” гэж бүтээлээ оруулсан. Ерөөсөө ингээд л болоо.
-Цөөн мэт сонсогдох ч нөр их хөдөлмөрөөр бүтсэн, хөгжмийн том хэмжээний зохиолууд гэж ойлгож байна…
-Тийм ээ. Симфони сюит маань тайлбартай.
-Хэн тайлбарласан юм?
-Би өөрөө. Түүхийн нэгэн зурвас үеийг, тэр үед онцгой үүрэг гүйцэтгэсэн их хүний тухай, эх орон, газар шороогоо гэсэн сэтгэл, зүтгэл, тэмцлийг нь хөгжмийн хэлээр илэрхийлсэн зохиол л доо. Гэсэн ч яриагаар зохих тайлбар хийх шаардлага байсан юм. Хөгжмийг хүмүүст ойртуулах гэсэн юм. Хөгжмийн уран дүрслэл, зураглал, эгшиглэн оюун санаанд аяндаа буух ч бас зарим талаар үгээр ойлгуулах хэрэгтэй санагдаад. Тэгээд ч тайлбарт симфони болгоё гэсэн санаачилга гаргасан юм.
-Энэ бүтээлээрээ “Алтан намар” хөгжмийн наадмын тэргүүн шагнал хүртсэн байх аа?
-Тэгсэн. Харин морин хуурын болон ятгын концертоороо төрийн шагнал хүртсэн.
-Тэгэхээр хамгийн сайн бүтээлүүдээ цомогт багтаасан юм байна шүү дээ…
-За, тийм л гэсэн үг.
-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?
-Нэг хөгжмийн бүтээлийн судалгаа хийж байна. Ирэх намар төгөлдөр хуурын концертоо тоглуулах юм. ХБК-ийн залуу багш Мөнхзаяатай хамтарсан тоглолт хийнэ. Үүнд бас одооноос санаа тавих хэрэгтэй.
-Нээрэн таны морин хуурын концертыг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор төрийн концертод тоглуулсан. Морин хуурын концерт нь тоглогдсон таван хөгжмийн зохиолч тус бүрт таван саяыг олгосон шүү дээ. Та шагналын мөнгөө цомогтоо зарсан байх гэж гэнэт бодогдлоо…
-Үгүй ээ. Тэр чинь тэр үедээ л…Цомгийг маань “PC mall” компанийн ерөнхий захирал Ганбат, дэд захирал Ганзориг нар хувиасаа ивээн тэтгэсэн юм.
-Амьдрал ахуйн асуудлаа шийдсэн хүмүүс мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, бүтээл туурвилыг нь ивээн тэтгэх хандлагатай болж байна аа?
-Тийм шүү. Цаг сайхан болж байна аа. Би энэ хүмүүст маш их талархаж байгаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин