-Клубуудын нээлттэй тэмцээнд шинээр хэдэн баг оров. Тоглогчдын ур чадвар хэр байна вэ?
-Энэ жилийн тэмцээнийг нээлттэй зохион байгуулж байна. Ингэснээр идэрчүүд болон залуучуудын ангиллын багууд их орж ирсэн. Тэмцээний эхний гурван хоногоос харахад хуучин, шинэ багийн ялгаа гарахгүй байна. Эхний тойрог учраас багууд маань тактикийн тоглолт хийж байгаа байх. Энэ нь шинээр гарч ирж байгаа багуудын ур чадвар хурдацтай ахисныг харуулж байгаа юм. Тэмцээнийг сонирхолтой байлгах үүднээс БНАСАУ-ын эрэгтэй, эмэгтэй багийг урьсан. Тус улсын баг энэ сарын 18-23-нд манай клубуудын аваргын дээд хэсэгт яваа багуудтай тоглоно. 1984 оноос хойш Ардчилсан Солонгосын баг манай улсад ирж тоглоогүй. Тэгэхээр энэ тоглолт сонирхолтой болох байх.
-“Буянт-Ухаа” ордонд хийж байгаа тэмцээний үзэгчид хэр байна вэ?
-Бидэнд тулгарч байгаа хамгийн том асуудал нь үзэгч болоод байна. Үнэхээр сайхан том заал байгаа мөртлөө хоосон байгаа нь эвгүй юм. Буянт-Ухаа гэж ярихаар Улаанбаатарчуудын хувьд хамгийн хол цэг нь гэсэн сэтгэлгээ салахгүй байна. Олон үзэгчтэй спортын төрлийг “Буянт-Ухаа” ордонд эхний гурван жилдээ үнэгүй зохион байгуулвал тамирчид, дасгалжуулагчид, үзэгчид хол гэж ялгахгүй очиж сурах юм. Эхлээд сэтгэлгээг нь бий болгохгүй бол аливаа нэг спорт холбоо тэмцээн зохион байгуулаад, автобус гаргаж үзэгчдээс зөөх боломж муу. Янз бүрийн аргаар үзэгчдийг цуглуулах гэж үзсэн. Харамсалтай нь очоогүй. Тэгэхээр төрөөс менежмент хиймээр санагдаад байгаа юм.
-Нээлттэй тэмцээнд оролцож байгаа багуудад хэр өөрчлөлт орсон байна вэ?
-“Харх” клуб энэ жил тэмцээнд орсонгүй. Бусад багийн хувьд бага зэргийн шилжилт, өөрчлөлт хийсэн байна. Шилжилт, хөдөлгөөн дээр бидний зүгээс тодорхой хэмжээний зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Учир нь, волейболын спортод суралцаж, тамирчны гараагаа эхэлсэн багаа мөнгөнөөс болж орхих тохиолдол гарах боллоо. Энэ бол тамирчны ёс зүйтэй холбоотой ч бид зохицуулалт хийнэ. Манайхны хувьд тэмцээн хийдэг, түүнд ордог гэсэн л ойлголт байгаа болохоос биш тамирчин хүний үүргийг төдий л ухамсарлахгүй байна. Зөвхөн волейбол дээр ч биш. Бусад спорт дээр ч гэсэн энэ байдлыг ажиглаж болно.
-Клубуудын нээлттэй тэмцээн болж байгаа учраас лигийг зохион байгуулахгүй гэсэн яриа гарчээ. Энэ үнэн үү?
-Энэ жилийн хувьд лигийн тэмцээн болохгүй. Клубуудын аварга маань хавар, намрын гэсэн хоёр тэмцээн болно. Ер нь лигийн тэмцээн олон улсад арилжааны чиглэлээр хөгжсөн байдаг. Харин манайд монголчлоод явуулж байгаа болохоос биш арилжаа наймаа явуулж байгаа юм алга. Тиймээс энэ жилээс лигийн тэмцээнээс татгалзсан. Манай клубууд лигийн тэмцээнээс ашиг олж байж “лиг”-ийн гэх тодотголыг авч чадна. Мөн лигт тоглодог тамирчид маань зэрэглэл буураад байгууллага, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тоглоод байх юм. Лигийн тамирчин бол топ л байх ёстой. Ер нь бол холбооноос ивээн тэтгэгч олоод худлаа, үнэн лиг гэсэн тэмцээн явуулбал явуулаад л байна. Гэхдээ энэ бол хөгжил биш юм.
Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин