-Таныг өнгөрсөн жил үүрэгт ажлаа өөрийн саналаар хүлээлгэн өгөхөд олон хүн гайхсан шүү?
-Тийм ээ. NBA-д сүүлийн 30 гаруй жил тасралтгүй ажилласан. Дунд нь хоёр, гурван жил амарсныг эс тооцвол амьдралынхаа ихэнх цагийг сагсан бөмбөгт зориулсан байна. Тиймээс надад гэр бүлдээ цаг зарцуулах, амралт хэрэгтэй байлаа. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн улиралд NBA-гийн шилдэг менежер болсоны дараа энэ албаа хүлээлгэн өгөхөд амаргүй байсан. Гэхдээ гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа.
-“Бостон Селтикс”-т тоглогчийн замналаа өндөрлөсөн. Харин таныг “Бостон Селтикс”-т биш “Индиана”-д дасгалжуулагч, менежерээр ажиллахад олон хүн гайхаж байсан шүү?
-Юунд тэр вэ. Би Индианаполис хотод төрж өссөн. Эндээс сагсан бөмбөгч болох гараагаа эхлүүлсэн. Би эндхийн их сургуулиас NBA-д анх хөл тавьсан. Үнэнийг хэлэхэд “Индиана”-д тоглохыг хүсдэг байсан ч тийм боломж олдоогүй юм. Тиймээс зодог тайлсныхаа дараа тус багийн удирдах албанаас татгалзаж чадаагүй.
-Танд “Индиана Пейсерс”-ийг удирдсан он жилүүд ямар санагдаж байв?
-Анх дасгалжуулагчийн хувиар “Индиана”-д ирэхэд хүчтэй өрсөлдөгчийн нэг байсан, одоо ч хэвээрээ. Тэр үед Режи Миллер, Рикс Смитс, Марк Жексон, Антонио Дэвис, Дэйл Дэвис, Жален Роүз нарын олон шилдэг тоглогчтой багийг NBA-гийн аваргын төлөө тоглуулсанд бахархдаг. 2000 оны финалд бид “Лейкерс”-ийн эсрэг боломжоороо тоглосон ч Шак, Кобигийн эсрэг юу ч хийж чадаагүй. Намайг “Индиана”-гийн спортын албаны захирлаар ажиллаж эхэлснээс хойш тогтмол плей-оффт шалгарч байгаа.
-“Индиана” NBA-гийн аварга болох хамгийн боломжтой үе хэзээ байсан бэ?
-Миний хувьд 1997-1998 оны плей-оффыг хэлнэ. Хэрэв бид “Дорнод”-ын аваргын төлөөх тоглолтод “Чикаго Буллз”-ыг аргалчихвал аварга болох боломжтой байсан. Хэрэв цувралын зургаа дахь тоглолтод бид боломжоо ашигласан бол “Юта Жазз”-ыг хожих байсан гэж боддог.
-Өөр боломж байгаагүй гэж үү?
-2000 онд “Лейкерс”-ийн эсрэг бид юу ч хийж чадаагүй. Манай залуус тэгэхэд ялалт байгуулах чин эрмэлзэл байсан ч торгон ирэн дээрээ явсан “Лейкерс”-ийг яагаад ч хожихгүй байсан. Хэрэв тухайн үед тоглож байсан тоглогчид маань хэдэн насаар залуу байсан бол байдал яаж ч эргэж болохоор байлаа.
-“Индиана”-гийн домог болсон тоглогчийн нэг Риже Миллер. Хэрэв тэр ид үедээ өөр багт очсон бол аваргалах боломж байсан уу?
-Миллерийн хувьд Индианаполис хотын хүндэт иргэн. “Индиана”-гийн төлөө ихийг бүтээсэн тоглогч. Пейсерсийн хөгжөөн дэмжигчид түүнд хайртай. Тэр ч ялгаагүй тус хотод зүрх сэтгэлээ өгсөн. Тиймээс Риже багаасаа явахыг хүсээгүй. Хэрэв тэр тухайн үед “Чикаго”, “Лейкерс”, “Сан-Антонио”-д очдоггүй л юм бол аваргалах боломж байхгүй байсан.
-Индианаполис хотын баг хэзээ NBA-гийн аварга болох боломжтой вэ?
-Миний хувьд Фрэнк Вогелийн багт тун итгэл хүлээлгэж байгаа. Дэнни Грэнжер энэ жилийн плей-оффоос өмнө формдоо орчихвол тэд ямар ч сенсаац тарьж мэдэх үе дээрээ байгаа. Хэрэв Пол Жорж плей-оффт энэ эрчээ алдахгүй аваас “Майами”-тай ширүүн тэмцэл өрнүүлэх боломжтой. Дээрээс нь Рой Хибберт өөрийн хүч чадлыг бүрэн ашиглаж чадвал түүнийг зогсоох тоглогч “Дорнод” бүст лав гарахгүй.
-Тэгэхээр “Жороо морь”-д Ларри О`Брайений цом гардах мөч удахгүй ирнэ гэсэн үг үү?
-Тийм ээ. Хэрэв “Индиана”-гийн гол тоглогчид нь эрүүл саруул байваас ойрын таван жилдээ багтаж, аварга болох боломжтой.
-“Майами Хит” аваргаа хамгаалах болов уу?
-“Дөлнүүд” энэ улиралд аварга багийн зангарагыг харуулж байгаа. Тэд плей-оффт энэ эрчээ алдахгүй нь мэдээж. “Дорнод”-д тэдэнтэй ширүүн өрсөлдөөн өрнүүлэх баг нь “Индиана”, “Нью-Йорк” байх болно.
-Харин “Өрнөд”-ийн аваргаар хэн тодрох вэ?
-“Оклахома”, “Сан-Антонио”-гийн боломж бусдаасаа хамаагүй илүү. Ялангуяа Грег Поповичийн “Сан-Антонио” сүүлийн 10 гаруй жил плей-оффт хамгийн тогтвортой тоглож байгаа баг. “Сан-Антонио”-гийн тоглогчид бие биетэйгаа гайхалтай ойлголцож тоглодог нь маш том давуу тал.
-Таны хүчин зүтгэж явсан “Бостон Селтикс” багт шинэчлэл хэрэгтэй юу?
-Тийм ээ. “Кельтүүд”-д шинэчлэл хийх цаг нь болсон. Пол Пирс, Кевин Гарнеттийн нас нь явж байгаа. Багийнхаа ойрын хэдэн жилийн ирээдүйгээ харахыг хүсч байгаа бол зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй. Хамгийн гол нь Дэнни Эйнж ямар зоригтой шийдвэр гаргахыг ажиглагчид харж байгаа.
-Пирс, Гарнетт, Аллен нарыг 2008 онд NBA-гийн аварга болох үед Роберт Пэриш, Кевин Макхейл та гуравтай харьцуулахад юу бодогдож байв?
-Юу ч бодох билээ. NBA-гийн тоймчдод бичих зүйл мундахгүй их шүү дээ. Биднийг ч тухайн үед Билл Рассель, Боб Коузи, Жон Хавличек нартай харьцуулж байсан.
-NBA таны тоглож байсан үеээс юугаараа өөрчлөгдсөн бэ?
-Одоогийн тоглогчид бидний үед тоглож байсан тамирчдаас бие бялдрын хөгжлийн хувьд хамаагүй илүү болсон. Тухайн үед уран гоё тоглолт үзүүлэх, цагираг дээрээс гайхалтай довтлох үзүүлбэр цөөн байсан. Хамгийн гол нь довтолгоогоо 100 хувь оруулах явдал байсан. Харин одоо цагт дутагдаж байгаа гол зүйл бол довтолгооны амжилт. Бидний үед ихэнх тоглогч 50-аас дээш хувьтай довтолдог байлаа. Одоо харин эсрэгээрээ Леброн Жеймс тэргүүтэй хэдэн тамирчнаас өөр 50 хувиас дээш шиддэг тоглогч алга байна.
-Саяхан Чарльз Баркли “SportsIllustrated” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа таныг “Бостон Селтикс”-ийн хамгийн царай муутай тоглогч гэсэн байна лээ. Та үүнийг хэрхэн хүлээж авав?
-Би уншсан. Баркли намайг “Бостон”-ы хамгийн царай муутай тоглогч гэсэн байна лээ. Гэхдээ царай муутай нөхдүүд нэгдээд хэдэн удаа NBA-гийн удаа аварга болсон бэ гэдгийг тэр бодож үзэх хэрэгтэй. Чарльз шиг царайлаг хар залуугийн хуруунд аваргын ганц ч бөгж алга (инээв).
-Тэр мөн тантай шар айраг ууж болохгүй гэсэн байна лээ?
-Үнэнийг хэлэхэд Чарльз шар айраг ууж чаддаггүй. Харин би түүний хажууд хүссэнээрээ ууж чадна шүү. Тэр надтай шар айраг уусныхаа дараа гэртээ хүргүүлж байснаа дурссан байх аа.
-Танай хувьд NBA-д тоглосон сүүлийн улиралдаа олимпийн алтан медалиа зүүсэн. Тэр үеийн “Мөрөөдлийн баг” дахин төрөх болов уу?
-“Барселон-1992” олимпод оролцсон сагсан бөмбөгийн баг хэзээ ч давтагдашгүй. Миний хувьд тухайн үед 35-тай, “Мөрөөдлийн баг”-ийн хамгийн ахмад тоглогч нь байлаа. Чак Дэйлигийн удирдлага дор анхны “Мөрөөдлийн баг” ямар гайхамшиг бүтээж байсныг одоо ч хүмүүс дурсдаг. Барселоны олимпод Хорватын шигшээ баг бидэнтэй хамгийн ойрхон үзсэн байх. Бид тэднийг 30 гаруй онооны зөрүүтэй хожиж байсан шүү дээ. Хэрэв тухайн үеийнхнийг одоогийнхонтой харьцуулбал бидний үеийнхэн маргаангүй шилдэг нь байх болно.
-Өөртөө дэндүү итгэлтэй байж, тоглолтын хувь заяаг шийдсэн мартагдашгүй төгсгөлөө дурсахгүй юу?
-1988 онд Чикаго хотод болсон “Бүх оддын тоглолт”-ын холын зайн шидэлтийн тэмцээнд Дэйл Эллистэй аваргын төлөө өрсөлдсөн. Үнэнийг хэлэхэд сүүлийн шидэлтээ оруулж, байж аварга болох байсан. Би сүүлийн шидэлтээ оруулна гэдэгт 100 хувь итгэлтэй байснаар холын зайн шидэлтийн тэмцээнд гурав дахиа түрүүлсэн юм. Хамгийн гол нь өөрт итгэлтэй байвал юуг ч эргүүлж чаддаг гэдгийг тухайн үед мэдэрч байсан.
-Та NBA-д хэзээ ирэх вэ?
-Одоохондоо NBA-д очих хүсэл алга. Хэзээ ирэх үгүйг цаг хугацаа харуулах байх.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин