Сэтгэгдэл хянах журам маргаашнаас хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Сэтгэгдэл хянах журам маргаашнаас хэрэгжинэ

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.

-Та ажлаа авснаасаа эхлэн ямар асуудалд гол анхаарлаа хандуулан ажил­­лав?

-Би ажлаа хүлээж аваад зургаан сар орчим болж байна. Өнгөрсөн хугацаанд олон ажил амжуулсны дотор хамгийн гол зүйл бол бодлогын цөм баримт бичигтэй болсон. Энэ салбарт өмнө нь хийгдэж байсан томоохон бодлогын баримт бичгүүд байдаг. Тэдгээр бодлогын баримт бичгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлтэйгээ уялдуулаад цаашид Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны салбар хэрхэн хөгжих, хөгжихийн тулд гол бодлого нь юу байх вэ гэдэг дээр нэлээд анхаарал хандуулж ажиллалаа. Стратегийн гол долоон зорилгыг гаргаж тавьсан. Үүнийгээ хэн ч хараад ойлгочих маш энгийн түвшинд томьёолсон. Одоо бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын дагуу ажлууд хийгдэж байна.

-Долоон зорилгод ямар зүйлс багтсан бэ?

-”Үндэсний хиймэл дагуул”, төрийн түгжрэлгүй үйлчилгээ, хямд үнэтэй орон нутгийн интернэт, тоон телевиз радиод шилжих, оюуны бүтээмжтэй өндөр цалинтай ажлын байр, шуудангийн шинэчлэл гэх ажлууд бий. Юун түрүүн бид “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрөө Засгийн газраар батлууллаа. Тандан судалгаа, харилцаа холбоо гэсэн хоёр хиймэл дагуулыг 2015, 2016 онд багтаж хөөргөнө гэсэн үндэсний хөтөлбөрөө батлуулсан. Тандан судалгааны хиймэл дагуул хөөргөснөөр Монгол Улсыг алган дээрээ тавьсан юм шиг хардаг болно. Ус, модоо тоолох, зуд боллоо гэхэд уулын хаана цас ихтэй байгаа зэрэг цаг алдалгүй секунт, дойлоор өөрийн улсаа хянадаг болно гэсэн үг. Ингэснээр иргэдийнхээ үнэлж болшгүй алтан амийг аврахаас эхлээд маш олон ажлуудыг хийх боломжтой. Харилцаа холбооны хиймэл дагуул хөөрсөнөөр телевизийн салбарт олон давуу тал гарч ирнэ. Мөн манай улс хөгжиж байгаагийн нэг том илрэл болж харагдана. Өнгөрсөн хугацаанд Японы компани шалгараад техник эдийн засгийн үндэслэлийг нь хийгээд дуусч байна. Үндсэндээ гол ажлууд нь нэлээд хийгдчихсэн гэж ойлгож болно.

-Тэгвэл төрийн түгж­рэлгүй үйлчилгээг хүргэ­хийн тулд ямар арга хэм­жээ авах вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын ажлын бараг 90 орчимхувь нь манай агентлаг дээр төвлөрдөг. Бид төрийн үйл­чилгээг иргэнд түргэн шуурхай хүргэх, хүнд сурталгүй, авли­гагүй хүргэхийн тулд мэдээл­лийн технологийг ашиглана. Өнөөдөр хүн бүр АТМ-ийг ашиглаад сурчихлаа шүү дээ. Түүн шиг иргэд хороон дээр очиж тодорхойлолт авалгүйгээр гол, гол цэгүүд дээр байрласан машинаар дамжуулаад өргөдөл явуулах, тодор­хойлолт авах гэх мэт бүхий л үйл ажиллагааг хийх боломжтой болгох төслийг бүрдүүлж энэ чиглэлийн ажил хийж байна. Мөн Монгол Улсад 85 яам, агентлаг бий. Энэ байгууллагууд өөр өөрийн гэсэн дэд бүтэц, IT-ийн салбартай. Тиймээс өнгөрсөн хугацаанд цахим үйлчилгээг иргэдэд хүргэхэд төвлөрсөн нэг цэгээс өгч болдоггүй хүндрэл үүсдэг байсан. Энэ байдал алга болгоход бүх яам агентлагууд нэг судсан дээр холбогдох юм. Үүнийг модтой зүйрлэж байгаа. Энэ модны үндсэн хөрс гол иш нь манай Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар гэвэл салаалж байгаа мөчир нь яам агентлагууд юм. Харин тэдгээрээс гарч байгаа үр жимснүүд нь иргэдэд очих үйлчилгээ гэсэн үг. Нар буюу манлайлал нь Ерөнхий сайд, хөрөнгө оруулалт нь бороо, ургахад таатай орчин нь агаар нь хууль эрх зүйн орчин юм. Иймэрхүү байдлаар төсөл хийсэн. Энэ суурь дээр үндэсний дата төв, IT парк гээд манай гол салбар компаниуд ажиллаж байгаа. Төрийн бүх мэдээллийг бүрэн хуулах ажлыг Үндэсний дата төв хийж байна. Ингэснээр бид нэг цэгээс хамгийн хурдтайгаар иргэнд төрийн үйлчилгээг хүргэдэг болох юм. Иргэд 2013 оны дунд үеэс эхлэн эхний үйлчилгээг авч эхэлнэ. Цаашлаад иргэд төрийн үйлчилгээг хүний оролцоогүйгээр мэдээлэл технологийн давуу талыг ашиглаад авдаг нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

-Хямд үнэ, орон нут­гийн өндөр хурдны интернэт гэдгийг тайл­барлахгүй юу. Орон ну­тагт интернэтийн хурд удаан байна гэлцдэг?

-Үүнийг бид өнгөрсөн хугацаанд шийдсэн. Одоо тийм зүйл байх аа больсон. Аймгийн айл өрхүүдэд 17.400 төгрөгөөр 512 mb өгч байгаа. Энэ нь Улаанбаатарын хэрэглэгчтэй адил үнэ. Мөн хурд нь бодит болсон. Зарим эндүүрэл гарах явдал байна. Дарханаас “Би өмнө нь 17.400 төгрөгөөр авдаг байсан. Хоёр дахинхямдруулна гэсэн боловч одоог хүртэл энэ үнээр авч байна” гэсэн гомдол ирсэн. Энэ үнэн. Гэхдээ энгийнээр тайлбар­лавал нэг шугамыг стандартаар дөрөв хувааж байж тасалдахгүй очих ёстой гэж үзвэл өмнө нь компаниуд 17.400-аар өгч байгаа мөртлөө найм бүр нь 16 хуваачихдаг байсан гэсэн үг. Ингэснээр маш хямд, удаан интернэттэй байсан хэрэг. Үүнийг өөрчилж хямд үнэ, бодит интернэтийг стандартын дагуу хийгээд өгчихсөн. Ингэснээр сэтгэл ханамжтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм. Ер нь өрхийн интернэтийг хямдруулснаар цаашдаа интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ. Бид олон тэрбум төгрөгөөр татсан дэд бүтэц, аймгуудад очсон шилэн кабелийг ингэж л ашиглах ёстой. Ингэхийн тулд өрхийн интернэт хэрэглэгчдийн тоог ч нэмэххэрэгтэй. Үүний дараа иргэн өөрийнхөө гэрээс төрийн үйлчилгээг авах боломжтой болно. Энэ нь үндсэн зорилттойгоо холбогдоод явчихаж байгаа юм.

-Тоон телевиз, радиод шилжинэ гээд байгаа?

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбар нь дан ганц монгол гэлтгүй дэлхийн бусад орнуудтай шууд холбоотой байдаг. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2005 онд 2015 он гэхэд дэлхий нийт тоон технологид бүрэн шилжинэ гэсэн шийдвэр гаргасны дагуу улс орнууд системтэйгээр шилжих ажил хийж байна. Манай орон 2014 оны долдугаар сарын 31-нд тоон системд шилжих юм. Энэ шилжилтийг бид аналоги, тоон гэсэн хосолсон байдлаар хийгээд 2-3 жилийн дараа бүрэн шилжинэ. Бид дахин дамжуулах тоног төхөөрөмжийг бүрэн хийнэ. Гэхдээ мөн айл өрхүүд өөрсдөдөө хувиргагч суулгах хэрэгтэй. Тиймээс энэ хугацааг нь тооцож байгаа хэрэг. Харин тоон радио нэвтрүүлснээр Монгол орныг бүрэн хангасан тоон сонсголтой болно. Хаана ч явж байсан нэг биш хэд хэдэн радио ФМ сонсоно гэсэн үг.

-Тоон технологи гэдгээ энгийнээр тайлбар­лахгүй юу?

-Олон улсад DVBT, DVBS гэх мэт олон хувилбар байдаг. Манайх DVBT дотроо DVBT 2  гэсэн хамгийн сүүлийн үеийн технологийг сонгож авсан. Энэ нь дэлхийн ихэнх орнууд тэр дундаа Европын орнууд өргөн хэрэглэдэг технологи юм. Бид өнөөдөр хичнээн гоё зурагттай ч заримдаа жирэлзээд байдаг шүү дээ. Гэтэл антеннаа салгаад DVD үзэхээр тод гардаг даа. Яг үүнийг л тоон систем гээд байгаа юм. Таны зурагт DVD-ээр кино үзэж байгаа юм шиг гардаг болно. Дээрээс нь өнөөдөр орон нутагт зургаан суваг гарч байгаа бол энэ тоо болон чанар тоо өснө. Мөн телевизүүд тоон системийг дагалдсан техникийн шинэчлэлт хийнэ. Ингэснээр олон улсад стандартын нэвтрүүлэг цацах боломжтой болно.

-Зарим кабелийн теле­визүүдийн үйл ажилла­гааг зогсоосон. Энэ нь тоон системд шилжих бол­сонтой холбоотой юу?

-Энэ тоон системд шилжиж байгаатай ямар ч холбоогүй. Кабелийн суваг анх байгуулагдахдаа өөрийн өргөтгөл, бодлогоо нарийн заасан бизнес төлөвлөгөөгөө танилцуулдаг. Харилцаа холбооны зохицуулах газраас хийсэн шалгалт бол байгуулсан гэрээнийхээ дагуу үүргээ гүйцэтгэсэн эсэхийг л магадласан хэрэг л дээ. Тийм учраас хуулийн дагуу арга хэмжээ авсан. Эхлээд түртүтгэлзүүлээд хаалгүйгээр алдаа дутагдлаа арилгах хугацаа тавьж өгсөн. Тэгээд 21 сувгаас дутагдлаа арилгаагүй заримынх нь үйл ажиллагааг зогсоосон. Хуулинд маш тодорхой бий.

-Зорилтот тавигдсан ажлуудад тань Оюуны бүтээмжтэй өндөр цалин­тай ажлын байр гэсэн байна?

-Сайн бэлтгэгдсэн хүний нөөцөөр маш том баялагийг бүтээж болно. Тиймээс өнгөрсөн хугацаанд томоохон мэргэ­жилтнүүдийг бэлтгэсэн. Өнөөдөр утсаар интернэт ашиглаж, тоглодог нэг ёсондоо дата хэрэглээ маш их болчихсон.  Гар утасны ихэнх хувь нь дата дээр явж байна. Ингэхээр хүний хэрэгцээнд тохирсон программууд хэрэг болно. Монгол хүний оюунд тохирсон агуулгатай контентхэрэгтэй. Тиймээс энэ чиглэлээр бэлтгэсэн хүмүүс ирээдүйд Монголд мөнгө олно. Манайхан программ хийж байна. Гэхдээ үүнийгээ нэмье, Монголоос цаашлаад олон улсад гаргах эрх зүйн орчин, боломжийг агентлагаас бүрдүүлж өгье гэсэн зорилт тавьсан. Мөн одоо захиа бичдэг хүн ховор болсон. Манай шуудангийн салбар илгээмж, сонин хүргэх гэсэн хэдхэн зүйл дээр тогтож байна. Орчин үед дэлхий нийтэд шуудангийн салбар нэлээд өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл интернэтээр Их дэлгүүрээс цамц авахад шуудангаар хүргэж өгдөг болжбайна. Тиймээс бид энэ жилд багтаж шуудангийн хайрцгийг олон улсын стандартад нийцүүлнэ. Байрнуудын дунд АТМ шиг хайрцаг тавина гэсэн үг. Хөдөөнөөс илгээмж ирлээ гэхэд хүргэгч гэртэй нь хамгийн ойрхон хайрцганд илгээмжийг хийгээд кодыг нь тухайн хүн рүү мессежээр явуулна. Тэгэхээр нь очоод кодоо хийгээд илгээмжээ авна. Замын цагдаа ч бэлэн мөнгөөр торгодоггүй олон улсын жишгээр хуудас бичээд тэр нь шуудангийн хайрцагаар очдог болно.

-Мэдээллийн аюулгүй байдал гэж их ярих болсон. Байгууллагын нууц хийгээд улс орны аюулгүй байдалтай хол­боо­той мэдээллүүдэд халдахаас хамгаалах ямар арга хэмжээ авч байна вэ?

-Дэлхий нийтэд магадгүй дэлхийн III дайн кибер орчиндболно гэдэг шүү дээ. Ерөнхийдөө кибер орчинд дайралт байнга явагдаж байдаг. Бид 2010 онд батлагдсан Засгийн газрын хөтөлбөрийн дагуу 22 агентлагт мэдээллийн технологийн аюулгүй байдлын бүрэн судалгаа хийгээд дуусч байна. Тэр судалгааны дүнд сайн, дунд, муу гэсэн үнэлгээ өгөөд тухайн яам, агентлагийн мэргэжилтнүүдэд мэдээлэл алдагдах боломжийн талаар зөвлөгөө өгөөд явж байна.

-Сайтуудад тавигдсан материалын доорх сэт­гэгдлийг хянах журам гар­сан уу?

-Үүнийг иргэд сэтгэгдлийг хаах гэлээ, эрх чөлөөг боомилох гээд байна гэдэг талаас нь нэлээд шүүмжилсэн. Ер нь олон улсад сэтгэгдлийг хянах арга хэмжээг хийсэн байдаг. Гэхдээ төр, хувийн хэвшил гэсэн хоёр ойлголт бий. Манайх эхэндээ төр хийнэ гэсэн боловч иргэдийн хурц шүүмжлэлтэй тулсан. Тиймээс иргэдийн санаа бодлыг сонссоны үндсэн дээр хувийн хэвшил нь хийе гээд Мэдээллийн сайтуудын ассоциаци, Монголын сай­туудын холбоотой хамтраад бүх эрхийг нь шилжүүлсэн. Гуравдугаар сарын 15-наас эхлээд журам нь хэрэгжиж эхэлнэ. Журам нь батлагдаад харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураад ажилдаа орчихсон гэсэн үг. Үүний дараа хууль зөрчсөн, садар самууныг сурталчилсан, эрүүгийн хуулинд тусгагдсан гол ойлголтуудыг зөрчсөн сэтгэгдлийг тухайн сайтын админ устгана. Хараал, зүй зохисгүй үгийн талаар Төрийн хэлний зөвлөлөөс гаргасан үгийн санг Харилцаа холбооны зохицуулах хороо баталсан байгаа. Тэр үгийн санг ашиглаад зүй зохисгүй үг хэллэг од хэлбэртэй болно. Мөн сэтгэгдэл бичигчийн IP хаяг нь ил гарахаар болгож шийдсэн. Мөн энэ журам дээр тухайн сайтын админий утас ил байхаар заасан. Тиймээс магадгүй нэг иргэний ярилцлагын сэтгэгдэл дээр гүтгэсэн байвал админ руу залгаж устгуулж болно. Мөн заргалдаж нэр төрөө сэргээлгэнэ гэсэн тохиолдолд тухайн сэтгэгдэл бичсэн хүний хаягийг админаас авч болох юм.

Эх сурвалж: “НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж