1988 он, социализмын үед Монголын хаад, хатдын түүхээр ямар нэгэн уран бүтээл сэдэвлэж хийхийг хориглож байсан цаг үед төрснөөрөө уг жүжиг онцлог. Энэ талаар төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар “Тэр үед хөрөнгөтний нийгэм гэж сүйд болдог байсан шиг сайд, дарга нараас ардын бүжгэн жүжиг тайзнаа тавихыг хүлээн зөвшөөрөх нэг ч хүн байгаагүй. Тэгэхэд Соёлын яамны дэд сайд байсан Нарантуяа “Бүх хариуцлагыг нь би үүрье” гэж байж энэ бүтээлийг анх тайзнаа тавиулж байсан. Түүнээс хойш жуулчид “Нарны домог”-ийг захиалж үздэг байсан гээд л бод. Мөн түүхэн бүжгэн жүжгийн хувцас энэ бүтээлээс үүдэлтэй юм шүү дээ. Энэ бүжгэн жүжиг анх тайзнаа тавигдахад урлагт тэсрэлт болсон. Үүний дараа түүхэн сэдэвтэй “Мандухай цэцэн хатан” кино дэлгэцнээ гарсан” хэмээж байлаа. Чухам тэр л үед ҮДБЭЧ-ын удирдлагууд олон удаа шүүмжлүүлсэн ч гол утга санааг ийн тайлбарлаж байж сайд, дарга нараар зөвшөөрүүлж чаджээ. Тухайн үед Алунгуа эхийн нэрийг Ариунгоо гэж солихыг шаардаж, агуулга тохиромжгүй гэж байсан аж. Харин уран бүтээлчид Алунгуа эхийн сургааль бол дан ганц таван хөвгүүнээ эв нэгдэлтэй байгаарай гэсэн захиас биш, харин ч хатан эхийн холч ухаан, зөв совингоороо таван хөвүүнээрээ таван тивийг төлөөлүүлж, дэлхийн олон улс үндэстнийг эв нэгдэлтэй байхыг таван багцалсан сумны сургаалиар хойч үеийнхэндээ сургасан сургааль гэж баталж байжээ.
Ингэж Монголын анхны бүжгэн жүжиг тайзнаа тавигдсан түүхтэй. Үүнээс хойш “Алтан ураг”, “Нүүдэл”, “Бөртэ чоно” зэрэг олон бүжгэн жүжиг, модерн жүжиг ч бас тавигджээ. “Нарны домог” бүжгэн жүжгийг уламжлал болгож жил бүрийн гуравдугаар сард тайзнаа тоглодог. Энэ уламжлалын үүднээс жүжгийн 25 жилийн ойг ч гэсэн энэ сард тэмдэглэхээр болжээ. ҮДБЭЧ-ынхан энэхүү ойг тохиолдуулан анх тайзнаа тавихад Барсан хүчит бөхийн дүрд тоглож байсан гавьяат жүжигчин Г.Зоригт, мөн Ирвэсэн хүчит бөхийн дүрд тоглосон эдүгээ Улсын Филармонийн дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн нарыг урилгаар тоглуулж үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барих гэж буй аж. Энэ талаар гавьяат жүжигчин Г.Зоригтоос тодруулахад “Анх би “Нарны домог” бүжгэн жүжгийн “Галын тойрон бүжиг”-ийн гал ноцоодог зургаан өвгөний нэгд нь тоглож байлаа. Мөн үүний дараа “Булдруу” бүжигт гоцолж, төгсгөлд нь Барсан хүчит бөхийн дүрд зодоглож тоглодог байсан юм. Энэ удаа ч гэсэн уг дүрдээ тоглохоор болсон. Би бараг 20 жил орчим “Нарны домог”-т тоглосон байх. Сүүлийн дөрвөн жил л гараагүй. Учир нь шөрмөс тасарч хөл гэмтээд хэсэгтээ ямар ч тоглолтод оролцоогүй юм. Харин одоо энэ бүжгийн жүжгийнхээ 25 жилийн ойн тоглолтод оролцох болсондоо маш их баяртай байна. Гэхдээ бас их айж, сандарч байна. Яагаад гэвэл 1988 онд би 30 гаруй настай байсан. Одоо бол яг тэр үеийнх шигээ хурдан шаламгай, хөнгөн шингэн биш болсон шүү дээ. Тиймээс их л айж байна. Гэхдээ тайзнаа гарахаасаа өмнө ингэж сандарч байгаад тоглолтон дээр гайгүй болчихдог юм. Бэлтгэлээ сайн хангаж байгаад дүрээ сайн гаргахыг хичээх болно” гэсэн юм.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин