Хар алтны ханш хаашаа чиглээд байна

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Хар алтны ханш хаашаа чиглээд байна

Хятадын кокс үйлдвэрлэлийн “Meijin” хувийн компани Австралийн Квинслендийн нүүрсний уурхайд 3.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэх яриа нүүрсний салбарын хамгийн халуун мэдээнүүдийн нэг болоод байна.

“Хятадын чулуу” гэж нэрлэгдээд байгаа энэ төсөл жилдээ 45 сая тонн нүүрс олборлох боломжтой газар доорхи дөрвөн ч уурхай, бас 800 МВт-ын чадал бүхий цахилгаан станцаас бүрдэнэ гэж байна. Энэ уурхайг наанадаж 40 жил ашиглана хэмээн хөрөнгө оруулагчид нь тооцож байгаа ажээ. Хятадууд хөнгөн гоомой хөдлөхгүй, тэр дундаа ийм хэмжээний хөрөнгө оруулалтад. Үүнээс харахад ирэх жилүүдэд чулуун нүүрсний хэрэглээ огтхон ч буурахгүй, түүнчлэн коксын үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдол өгч байгааг эндээс харж болно. Энэ мэт учир шалтгааны улмаас монголчууд Тавантолгойн уурхайнхаа ирээдүйг өөдрөгөөр харах хэрэгтэй болж байна. Монголд юу байгаа вэ, нүүрс л байна. Геологийн таамаг нөөцөөр бол 163.2 тэрбум тоннын нөөц бий гэлцдэг.

Түүнээс гадна ирэх 20 жилд дэлхий нийтэд нүүрсний хэрэглээ 49 хувиар өснө гэсэн прогноз байна.

Эдүгээ Монголын нүүрсний экспорт зэсийн баяжмалаас хэдийнэ давж гарчихаад байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нүүрс манай улсын эдийн засгийн гол найдвар, хөгжлийн нэг хүчин зүйл болж байгааг харуулж буй юм.

Н.Алтанхуягийн Засгийн газар 2013 онд 34.7 сая тонн нүүрс экспортолж, түүнээсээ 466.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гээд байгаа. Ингэхдээ нэг тонн нүүрсний үнэ нэр төрлөөсөө хамааран 83.2-161.2 ам.доллар байхаар тооцож төсөвтөө тусгаад байгаа билээ. Ийм болохоор хар алтны үнэ ханшид хараагаа чилээх нэг шалтгаан нь энэ. Нэг таагүй зүйл гэвэл зэсийн үнэ санасан хэмжээнд хүрч өсөхгүй байгаа.

Ер нь дэлхий нийтэд нүүрсний хэрэглээ тогтмол өсч байна. Үүнд олон шалтгаан бий. Юуны өмнө нүүрс бол эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр гэгддэг. Сэргээгдэх эрчим хүчийг тооцолгүйгээр шүү дээ. Түүнээс гадна нүүрсний үйлдвэрлэл үнэтэй болон орчин үеийн тэргүүний техник технологи шаардаад байдаггүйгээрээ онцлогтой. Түүнийг хүргэж тээвэрлэхэд хүндрэлтэй биш. Эсвэл орд газрыг нь түшиглээд цахилгаан станц байгуулж, гаргасан эрчим хүчээ өртөөлөн хүргэх бэлээхэн боломжтой. Нүүрсийг эрчим хүчний салбараас гадна металл боловсруулах, гангийн болон химийн үйлдвэрт ашиглана. Энэ бүхэн бол түүний ашиглалтын давуу тал. Хэрэглээ өсч байгаа өөр нэг шалтгаан нь Ази, тэр дундаа Зүүн өмнөд Азийн орнуудтай холбоотой. Тэдгээр улсын эдүгээгийн эрчимтэй хөгжил нь нүүрсний хэрэглээг нэмэгдүүлж байгаа юм.

Нүүрс нь хэдийгээр агаарт нүүрсхүчлийн хий ялгаруулдагч Киотогийн протоколоор түүнийг бэлтгэх үйлдвэрлэх, экспортлох зэрэгт ямар ч хориг тавиагүй билээ.

Манай нүүрсний экспортын найдвар тавих зах зээл нь ч өмнөд хөрш. Дэлхийн эдийн засагчдын гаргасан тооцоогоор 2013 онд нүүрсний зах зээлд БНХАУ тэргүүлсэн хэвээр байна гэжээ. Хэн тэргүүлж байна, тэр зах зээлийн үнийг тогтоодог нь жам. Өмнөд хөршийнхөн маань нүүрсний томоохон хэрэглэгч төдийгүй бас үйлдвэрлэгч. Эдүгээ тус улс дэлхийн нийт нүүрсний хэрэглээний тал хувийг дангаараа эзэлж байгаа нь Монголын нүүрсэнд тааламжтай боломж гэдэг нь тодорхой. АНУ-ын эрчим хүчний 2012 оны дүн мэдээнд Хятадын эрчим хүчний талаар товчхон оруулжээ. Энд дурдсанаар бол Хятад улс үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчнийхээ 70 хүртэл хувийг чулуун нүүрснээс гаргаж авч байна.

Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн гаргасан тооцоогоор 2011 оны байдлаар Хятад улс 128 тэрбум тонн чулуун нүүрсний нөөцтэй байв. Энэ нөөцийн хэмжээгээрээ дэлхийд ОХУ, АНУ-ын дараа гуравдугаарт орох бөгөөд дэлхийн нийт нүүрсний нөөцийн 13 хувь болж байгаа юм. Тэд жилдээ 3800 орчим сая тонн нүүрс олборлодог. Урьд нь нүүрсний томоохон экспортлогч байсан хятадууд одоо ийм том импортлогч болоод байна. Эдийн засгаа тэтгэх эрчим хүч үйлдвэрлэх хамгийн найдвартай арга зам нь одоогоор энэ л байгаа бололтой.

Хажууханд нь Монголоос гадна Индонези гээд нүүрсний том экспортлогч байна. Тэгээд жаахан цаашлахад Австрали. Түүнээс гадна Африкийн Мозамбик, Ангол болон Кени улс нүүрсээ экспортод гаргаад эхэлжээ. Энэ бүхнээс харахад Хятадын дотоодын зах зээл дээр нүүрс нийлүүлэх өрсөлдөөн ширүүсч байгааг илтгэнэ. Индонезийн нүүрсний аж үйлдвэрийн ассоциацийн тооцоогоор Монголын Тавантолгойн коксжих нүүрс Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгч орнуудад мэдэгдэхүйц шахалт үзүүлэх магадлалтай гэнэ. Энэ нь Индонезийн эдийн засгийг “өлсгөж” мэдэх аюул юм байна. Хятадын зах зээл дэх нүүрс экспортлогчдын энэ мэт өрсөлдөөн дээр хятадууд хамгийн хямд үнийг тогтоож магадгүй. Энэ нь нүүрсний үнэ буурах нэг шалтгаан болох магадлал маш өндөр байна хэмээн эдийн засагчид онцолжээ. Тэгээд ч ирэх намар хүртэл Хятадын нүүрсний нөөц хангалттай байгаа гэнэ.

Өнгөрсөн оны сүүлчээр Хятадад 5500 ккал-тай эрчим хүчний нүүрсний суурь үнэ нэг тонн нь 625 юань /100 ам.доллар/ хүртэл унаснаас хойш өсөлт төдийлөн харагдахгүй хэвээр байна. Хөрөнгө оруулалтын банкнуудын гаргасан тооцоогоор бол 2013 онд металлургийн үйлдвэрийн нүүрсний үнэ тонн нь 180 ам.доллар байх төлөвтэй бөгөөд энэ нь урьдчилан тооцож байсан 200 ам.доллараас 10 хувь буурсан үзүүлэлт юм.

П.БУЛГАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж