Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Олзий-Оршихоор ахлуулсан дугуйн спортын шигшээ багийн тамирчид “Инчон-2014” Азийн наадмыг зохион байгуулах хорооны хамтын ажиллагааны “Vision” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын багтай хамтран тус улсад нэг сарын бэлтгэл хийсэн юм. Тэд хамтарсан бэлтгэлийн дараа Энэтхэг улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Азийн АШТ-ний охидын цуваа гараатай 28 км-ын уралдаанд триатлонч охин Т.Энхжаргал түрүүлж, дугуйн анхны Азийн аварга цолыг эх орондоо авчирсан нь Монголын спортынхныг баярлуулж байна. Тус зайд нийт 19 тамирчин уралдсанаас Япон, Хонконгийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.
Т.Энхжаргалын хувьд триатлоны спортоор хичээллэдэг бөгөөд энэ төрлөөрөө 2010 оны Сингапурт болсон залуучуудын анхдугаар олимпод оролцож байжээ. Усанд сэлж, дугуй унан, эцэст нь хөлийн хурдаар барианд ордог триатлоны спортын тамирчин Т.Энхжаргалын амжилт манай дугуйн спорт олон улсын түвшинд буйг, цаашид том ирээдүй байгааг харуулж чадлаа.
Триатлонч Т.Энхжаргал Залуучуудын анхны олимпод Н.Наранбат багшийн удирдлагад оролцсон бол өдгөө н.Даваатогтох багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг ажээ.
Т.МАША