
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн ТУЗ-ийн дарга болсон гэнэ. Энэ албан тушаалд очсон хүн тус сургуулийн захирлыг томилох, сургалтын чанар, сургуулийг хөгжүүлэх зэрэг эрх, үүргийг хүлээдэг аж. Энэ нь түүний сургуультай хувь заяагаа холбож байгаа анхны тохиолдол биш. Өмнө нь тэрбээр 1984-1987 оны хооронд Эрхүү хотын бэлтгэл факультетийн деканаар томилогдон ажиллаж байсан түүхтэй юм билээ. Эрүүл мэндийн сайд байсан хүний хувьд энэ салбарын сайн, мууг нь цээжээрээ нэрлэх хэмжээний нэгэн гэдэг үүднээс намынхан нь итгэл хүлээлгэн энэхүү албан тушаалд томилсон ч байж болох талтай. Гэхдээ мэдээж энэ бүхэнд өөрийнх нь самбаа нөлөөлсөн гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Үнэндээ түүний амьдралыг эрүүл мэндийн салбартай салшгүй холбоотой гэхэд болох биз. Эрүүл мэндийн сайдын албыг гурван жил гаруй хугацаанд хашихдаа гэр бүлийнхнийгээ ч энэ салбар руу уруу татаад амжсан самбаатай нэгэн. Түүний эхнэр нь Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий санхүүчээр ажиллаж байсан. Нэг охин нь эрүүл мэндийн чиглэлээр сэтгүүл гаргаж байсан зэргээс харахад ийн хэлсний учир тодорхой болох биз. С.Ламбааг “Төрсөн нутаг болох Архангай аймгийнхаа Засаг дарга болох нь, УИХ-ын даргын зөвлөх болох гэж байна” гэсэн мэдээллүүд гарч байсан ч намжсан нь цаанаа ийм учиртай байсан юм болов уу. Ямартай ч эрүүл мэндийн салбарын зүрх нь болсон Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн хамгийн чухал албан тушаалыг хүлээж авсан С.Ламбаатай барьцах хүн нэг их гарахгүй биз ээ.
Р.САРАНГООЗохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
