“ОТ” олон улсын стандарт нэвтрүүлж, батламж авав

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

“ОТ” олон улсын стандарт нэвтрүүлж, батламж авав

“Оюутолгой” ХХК нь байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны тэргүүн туршлага болох ISO 14001, OHSAS 18001 стандартуудыг нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээг саяхан авсан байна. Энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд “Оюутолгой” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Айвен Вема тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Айвенхоу Майнз Монголия” компани нь Монгол Улсын Засгийн газартай 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл тэрхүү үйл явдлаас нэг жилийн дараа буюу 2010 оноос эхлэн “Оюутолгой” компани нь ISO 14001 стандартын шаардлагад нийцсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж улмаар 2012 оны арванхоёрдугаар сард Det Norske Veritas компанийн хөндлөнгийн аудитын дүгнэлтээр баталгаажуулалтын гэрчилгээ авсан байна. Байгаль орчны удирдлагын тогтолцооны нь ISO 14001, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны OHSAS 18001 стандартууд нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд уул уурхайн компанийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах үндсэн нөхцөл болдог аж.

“Оюутолгой” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Айвен Вема “Оюутолгой компани нь хоёр сарын өмнө баяжмалаа гарган авч бүтээн байгуулалтын ажлаас үйлдвэрлэлд шилжсэнээ зарлаж байсан бол өнөөдөр олон улсын хамгийн шилдэг стандартуудыг нэвтрүүлж гэрчилгээгээ авсан мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энэ ажилт бол манай үндсэн болон гэрээт ажилтан бүрийн хичээл зүтгэлийн үр дүн. Бид эдгээр тогтолцоог бий болгосноор эрүүл мэнд аюулгүй ажиллагаа болон байгаль орчны үйл ажиллагааг хянаж, удирдах замаар эрсдлийг бууруулах, ажлын гүйцэтгэлийг байнга сайжруулах ач холбогдолтой юм” гэлээ.
“Оюутолгой” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог Монгол Улсын хууль эрх зүйн болон Рио Тинто компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны стандарт шаардлагад нийцүүлэн боловсруулсан юм байна.

Онцлоход Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас дээрх стандартыг нэвтрүүлсэн компани “Оюутолгой” ХХК-иас гадна Орос, Монголын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байдаг аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж