Уг спорт манай улсад хэрхэн үүссэнийг сөхвөл яавч шинэ биш. Үүслээрээ 80 гаруй жилийн түүхтэй учраас ууган Монголын ууган спортын нэг гэхэд болно. Гэвч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ яалт ч үгүй шинэ болоод байгаа юм. Манай улсад биатлоны спорт 1930-аад онд үүссэн бөгөөд 1962 онд олон улсын биатлоны холбоонд элсчээ. Харин биатлоны холбоо байгуулагдахаас өмнө буюу 1956 онд тухайн үеийн Чехословак улсад болсон олон улсын тэмцээнд Монголын биатлонч оролцсон нь анхны гадаад тэмцээн байв. Улмаар тухайн жилдээ “Алдар” нийгэмлэгийн дэргэд олон улсын тэмцээнд оролцох зорилгоор шигшээ багаа байгуулсан түүхтэй. Олон улсын биатлоны холбоонд элссэнээс хойш нэг жилийн дараа ОХУ, Финляндаас спортын бинтов буу оруулан ирснээр мэргэжлийн тамирчнаа бэлтгэж эхэлсэн байх юм. Үүний үр дүнд 1964 оны Австрийн Инсбургийн хотод болсон өвлийн X олимпийн биатлоны 20 км-ийн зайд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нарын гурван тамирчнаа илгээж байв. Тухайн үед манай тамирчдын оролцсон төрөлд 87 биатлонч уралдсанаас Б.Дамдинжав 31 дүгээр байр эзэлж байсан юм. Тэрээр мөн 1978 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 дүгээр байрын амжилтаа бататгажээ. Энэ нь өнөөдрийг хүртэл олон улсын тэмцээнд Монголын биатлончдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт хэмээн бүртгэгджээ. Түүний амжилтыг одоогоор нэг ч тамирчин эвдээгүй байна. Энэ мэтчилэн 1990 он хүртэл биатлоны спорт боломжийн хэмжээнд хөгжсөн аж. Гэвч тухайн үед манай улс ардчилсан нийгэмд шилжсэнээс эдийн засгийн боломж нь муудаж биатлоны спортын хөгжил зогсонги байдал хүрчээ. Сонирхолтой нь манай улс 1978 онд Хандгайт дахь цаны баазад биатлоны анхны олон улсын тэмцээн зохион байгуулсан нь социалист орнуудын нөхөрлөл тэмцээн байлаа. Уг тэмцээнд ЗХУ, Болгар, Чехословак зэрэг зургаан орны баг оролцсон байх юм. Харин өнгөрсөн оноос Монголын биатлоны холбоог дахин сэргээж, үйл ажиллагааг нь шинэчилснээр өвлийн спортын спортын нэгэн төрөл манай улсад дахин жинхэнэ утгаараа хөгжих эхлэлийг тавьсан байна.
- 1974 онд ОХУ-ын Минск хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Н.Сандагдорж, П.Батсүх, Б.Амгалан нар анх калебр буугаар оролцож байв.
- Монголын биатлончид Азийн өвлийн наадамд 1999, 2003, 2007 онд оролцжээ.
- Мөн 2004, 2006, 2012 онд Азийн биатлоны аварга шалгаруулах тэмцээнд оролцов.
- 2011 онд Чехийн Нова Место хотод болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Нямцэцэг эх орноо төлөөлөн оролцсон. Ингэснээр тэрээр дэлхийн аваргад оролцосн анхны монгол эмэгтэй биатлонч болжээ.
Тэгвэл энэ сарын 20-26-нд Японы Саппоро хотод болох Азийн биатлоны аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээнд оролцохоор манай тамирчид ирэх даваа гаригт эх орноосоо мордох гэж байна. Баг тамирчдыг Н.Ганбаатар дасгалжуулах бол М.Бархүү, Д.Нямцэцэг нар Азийн биатлончидтой хурд сорих юм. Уг тэмцээний өмнө тэмцээнд оролцох тамирчдад 2012 оны шинэ загварын буу, бусад техник хэрэгслийг гардуулах ёслол Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд болов.
Н.Ганбаатар: Бид 2018 оны өвлийн олимпод оролцох зорилготой байгаа
Монголын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Н.Ганбаатартай цөөн хором ярилцлаа.
-Удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа юм байна. Бэлтгэл сургуулилтаа хаана вэ?
-Японы Саппоро хотод болох Азийн аваргад хоёр тамирчнаа оролцуулах гэж байна. Энэ хоёр тамирчин маань сорил тэмцээн хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Бэлтгэл сургуулилтыг Хандгайтад байрлаж хийж байна. Ууланд өөрсдөө этапаа байрлуулж хангаж байгаа. Ер нь бол Монголынхоо нөхцөл байдалд тааруулж боломжийнхоо хэрээр бэлтгэлээ хийсэн. Өнгөрсөн жил манай гурван тамирчин Азийн аваргад оролцож байлаа. Хамгийн нь бид сүүлийн үеийн буу, техник хэрэгсэлтэйгээр энэ тэмцээнд оролцох гэж байна.
-Хамгийн сүүлд техник хэрэгсэлээ хэзээ шинэчилсэн бэ?
-1982 болон 1998 онд буугаа шинэчилж байсан. Харин одоо Anschutz-ын хамгийн сүүлийн үеийн, өндөр зэрэглэлийн буугаар тамирчид маань Азийн аваргад буудна.
-Үнэ өртгийг нь сонирхож болох уу?
-Нэг буу нь л гэхэд 3000 еврогийн үнэтэй байдаг. Харин энэ тэмцээнд оролцохын тулд 30 гаруй евро зарцуулах тооцоо гарсан. Хил гаалиар буугаа гаргах, тамирчдын байрлах байр, замын зардал, мөн шинээр авсан техник хэрэгсэл гээд бүгдийг нь оруулахад ийм тооцоо гарч байгаа юм.
-Хандгайтад бэлтгэл хийхэд хэр боломжийн бэ. Стандарт шаардлага хангаж чадаж байна уу?
-Хангахгүй байгаа. Яагаад гэвэл Хандгайт бол биатлоны техник хэрэгслээр бүрэн тоноглосон бааз биш. Өөрсдөө замаа гаргаж, хэрэгтэй гэсэн тоноглолоо тавьж байна. Уг нь бол тэмцээн болох гэж байгаа газрынхаа замд тааруулж бэлтгэлийнхээ орчин нөхцлийг хангах ёстой. Гэвч манайд одоогоор тийм боломж алга. Энэ спортыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд холбооны зүгээс нэгдсэн буудлагын тийр байгуулах, бэлтгэл хийх буу, сум, цана, хэрэглэл материалыг орчин үеийн стандартад тохируулах бэлтгэж өгнө гэж хэлсэн.
-Хоёр тамирчны олон улсын тэмцээний туршлага хэр вэ?
-Д.Нямцэцэгийн хувьд бол Чех улсад болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Харин Бархүүгийн хувьд 2003 оноос Биатлоноор хичээллэсэн. Олон улсын тэмцээнд анх удаа оролцох гэж байна. Энэ жилийн бүх сорилтоо амжилттай өгсөн учраас Азийн аваргад оролцуулахаар сонгосон юм.
-Манай улсад одоогийн байдлаар биатлоноор хичээллэдэг хэчнээн тамирчин байна вэ?
-Хэрэглэл, материал муутай учраас олон тамирчин хичээллэх боломж муу байна. Тиймээс найман тамирчнаас сонгож Азийн аваргад оролцох хоёр биатлончоо шалгаруулсан. Цаашид техник хэрэгслээ нэмэх юм бол биатлоноор хичээллэх тамирчдын тоо олон болох байх. Заавал тэмцээний гэлтгүй сургалтын бууг олноор нь оруулж ирснээр биатлоны спортыг илүү хурдацтай хөгжүүлэх боломжтой. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд Монголын биатлончид 2018 онд Солонгост болох өвлийн олимпод оролцох зорилготой байгаа. Энэ бол манай холбоо төдийгүй тамирчдын хамгийн ойрын үеийн гол зорилго юм.
Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН"