Хүний аминаас үнэтэй наймаа

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Хүний аминаас үнэтэй наймаа

-Ковштой хүмүүс хүүхдийн хөлийг тасдаж  байхад үзэгдээгүй төрийн цагдаа  Л.Гүндалайн дуудлагаар долуулаа иржээ-
Хүний
аминаас үнэтэй эдлэн газар, орд харштай эрхмүүд та бидэнтэй зэрэгцэн
амьдарч бай­на гэ­хээр ой гутаж, зүрх шим­шир­мээр. Учир нь Зайсан
орч­мын га­зар, хэн нэгэн эрхтэн дарх­таны орд харш таны амь, хүүх­дийн
тань хөлнөөс илүү үнэтэй бол­чихож. Учир нь Зайсан бол Мон­голын “Ганнам
дүүрэг”.
Тий­мээс
ч “Ганнам дүүрэг”-т ашиг­тай алга дарам газар авах гэ­сэн эрхмүүдийн
дайн ил, далд үр­гэл­жилсээр өдийг хүрсэн биз. Зай­сангийн хормой, Богд
уулын бэ­лээс хэсэгхэн боловч газар хумс­лах гэсэн эрхмүүдийн хэмжээгүй
шу­налаас  болж хэчнээн хүн амь, амьд­ралаа алдаж, хэд нь  орох орон­гүй
болж байгааг мэдэхгүй. Учир нь Зайсан хэмээх энэ газарт ха­гас зууны
турш амьдарсан эн­гийн иргэдийн хувьд байдал улам хүндэрч, тэд өмчилж
авсан газ­раасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа юм. Учир нь Зайсан орч­мын
газар нутаг баячуудын мэ­дэлд шилжиж, энд Монголын “Ган­нам дүүрэг”
сүндэрлэж, өд­рөөс өдөрт хаяагаа тэлж байгаа учир энгийн иргэд энд
амьдрах эрх­гүй болов. Баячуудын дүүрэгт нүүрс­ний утаа үнэртэх 
учиргүй. Энэ гудамжаар  тэрэг, бидон түр­сэн нусгай жаал, хоногийнхоо
хоо­лыг аваад харьж яваа иргэн ал­хах эрхгүй. Тиймээс ч иргэдийн хувьд
таван ханатай гэрээ ачаад, ша­вар байшингаа нураагаад нүү­хээс өөр
сонголтгүй болжээ. Мэ­дээж иргэдийн хувьд эрх мэ­дэлт­нүүдэд тийм ч амар
бууж өгө­хийг хүсэхгүй. Тиймээс аргаа бар­сан иргэд Хан-Уул дүүргээс
сон­гогдсон УИХ-ын гишүүд болох Л.Болд, Ц.Оюунгэрэл нарт  санал тавьж
арга хэмжээ авч өгөхийг хүс­сэн байна.

Энэ хүрээнд  өчигдөр
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд Зайсан орчмын  газрын асуудлаар
нээлттэй форум зохион байгууллаа. Форумд УИХ-ын гишүүн Л.Болд болон
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг нарын хүмүүс оролцож, иргэдийн
санал бодлыг сонсч, асуултад нь хариулсан юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн
11 дүгээр хорооны нутагт амьдарч байгаа энгийн  иргэд төрөөс өмчилж
өгсөн 0.7 га газрыг нь булаалгүй тайван амьдруулж өгөөч хэмээн Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж байсан ч тухайн үедээ тун удахгүй
шийдэж өгнө хэмээн ам гараад сураггүй болжээ. Зөвхөн Ерөнхийлөгч ч  биш
тухайн газар нутагт харьяалалтай гэгдэх бүх эрх мэдэлтэнд хандсан ч
тусыг эс олсон байна. Сүүлдээ асуудал үүсгээд байгаа газарт амьдарч буй
иргэд  орон гэртэйгээ үлдэхийн тулд тэмцэл хийж эхэлжээ. Гэвч тэдний
тэмцэл  эсрэгээрээ эргэж, өөрсдөө  торны цаана суух дээрээ  тулсан
байна. Түүнчлэн энэ дүүрэгт эзэмшсэн эзэн нь байсаар байтал хүн
амьдрахгүй байгаа хэмээн давхар газар олгож зөвшөөрлийг нь өгөх
тохиолдол их гардаг байна. Үүнээс үүдэн дайны хажуугаар дажин гэгчээр 
тухайн аж ахуйн нэгж, иргэдийн хооронд багахан хэмжээний дайн өрнөдөг
аж.  Энэ байдлаас болж  12 иргэн нэхэмжлэл гаргаж,  шүүхээр
шийдвэрлүүлэхээр  өгсөн ч гурвыг нь хэрэгсэхгүй болгожээ.
Шийдвэрлэгдээгүй байгаа үлдсэн хэргийг шүүх хэрхэн хянах нь эргэлзээтэй
юм.

Л.Гүндалай  Богд уулыг эзэгнэж,  орд харшаа барихаар төлөвлөжээ

Эзэмшил
газраа алдахгүйн тулд тэмцсэнийхээ төлөө торны цаана суухаар болчихсон
байгаа хүмүүсийн нэг бол 11 дүгээр хорооны дөрөвдүгээр хэсгийн иргэн
Л.Оюун-Эрдэнэ. Түүний хувьд айл хөрштэйгөө бус  УИХ-ын гишүүн асан
Л.Гүндалайтай газрын асуудлаас болж маргалд­сан байна. Л.Гүндалайгийн
хувьд түүний амьдарч байгаа газрын ойр хавьд байгаа айлуудыг нүүлгэж
газруудыг нь авчээ. Бусад газрыг нь авсан болохоор бүгдийг нь авчих
санаатай Л.Оюун-Эрдэнэд газраа зарахыг санал болгосон ч тэр зөвшөөрөөгүй
байна. Ингээд Л.Гүндалай түүнийг дарамталж гэр бүлийн 11 хүний
бизнесийг нураах гэсэн аж. Шударга имижтэй Л.Гүндалайгийн хувьд “Энд би
өөрийн орд харшаа баримаар байна” хэмээн загнаж,  сүүлдээ бүр доромжилж,
гэр рүү нь орох замыг нь хаажээ.  Мэдээж гэртээ орохын тулд 
Л.Оюун-Эрдэнэ хаасан хаалтыг нь авсан байна. Гэтэл Л.Гүндалай хүний
өмчид халдсан хэмээн цагдаа дуудан баривчлуулсан аж. Ганц энгийн
иргэнийг баривчлахын тулд Л.Гүндалай долоон цагдаа дагуулан ирсэн бөгөөд
түүнийг доромжилж, дарамталсан байна.

Тухайн газар нутагт
ковшоор хүүхдийн хөлийг тасдаж байхад нэг ч цагдаа ирээгүй аж. Харин
Л.Гүндалайн дуудлагаар  долоон цагдаа нүд ирмэхийн зуур хурдан иржээ.
Түүгээр ч үл барам Л.Оюун-Эрдэнийг бусдын эд хөрөнгөд халдсан хэмээн
эрүү үүсгэн шалгуулж эхэлсэн байна. Ингээд түүнийг Эрүүгийн хуулийн
153.1 буюу бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан хэмээн
үзжээ. Түүний хэргийг Хан-Уул дүүргийн прокурор хянаж дууссан бөгөөд
шүүх рүү тун удахгүй шилжүүлэх юм байна. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ буруутай
нь тогтоогдвол, гэртээ орох замыг нь хаасан хэдэн банзыг авсаныхаа төлөө
гурван жилийн ял сонсох юм. Хууль хяналтын байгууллагынхан энгийн
иргэний үгийг нохой хуцаж байгаа мэт үл тоож, ихэс дээдсийн үгийг хууль
мэт дагаж байгаагийн тод жишээ бол Л.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйн яриа
гэрчилнэ. Хөөрхий эмэгтэйн хувьд хийсэн үйлдлээ өмөөрч мянга ярьж,
батлавч цагдаа нар “Чи газраа л өгчих. Тэгвэл чиний хэргийг хэрэгсэхгүй
болгоно” гэх үгийг хэлдэг байна.

Тухайн үед Хан-Уул дүүрэгт
Л.Оюун-Эрдэнэ хэрэгтэн болоод ирэхэд хэрэг дээр нь ажиллах цагдаа
олдохгүй нэлээд хугацаа алдаж байсан байна. Тэгэхээр төрийн гэх нэрийг
зүүсэн томчуудын эрх мэдэл ямар агуу гэдгийг харуулж байгаа юм. Албан
бус эх сурвалжийн хэлж буйгаар Чингис хааны хөшөөтэй Богд уулын  тал
хэсэг нь аль эрт эзэнтэй болсон буюу Л.Гүндалай өөрийн мэдэлдээ авсан
гэх. Энэ форумын үеэр зөвхөн Л.Гүндалай ч биш бусдынх нь нэр ч
дурьдагдаж байсан. Зарим нэг нь бүр бид энэ хүмүүстэй тэмцэлдэж чадахгүй
юм байна. Та нар ч чадахгүй байх. Харин үүний оронд бидэнд авлигын
мөнгө өгчих. Мөнгөтэй болчихвол цагдаа болон  дарга нарт нь авлига өгөөд
газраа аваад үлдье гэх хатуухан үгийг хэлсэн. Хэдийгээр энэ нь инээдтэй
сонсогдож байгаа боловч аргаа барсан л хүний үг. Өнөөдөр Хан-Уул
дүүргийн 11 дүгээр хороонд амьдарч байгаа иргэдийн байгаа байдал
иймэрхүү байна. Харин хэргийн эзэн олон арван гэмгүй хүмүүсийн амь,
амьдралыг нь сүйтгэж байгаагаа үл тоож, хүний аминаас үнэтэй эдлэн
газар, орд харшаа мөрөөдөн сууж байна. Халаас нимгэн эгэл бор амьдралтай
иргэдийн хувьд өнөөдөр гудамжинд хэвтэх золбин нохойноос ч үнэ цэнэгүй
болчихож. Хэн нэгэн ирээд үүд хаалгыг нь хааж, таглаад явуулчихдаг.
Харин түүнийг нь зайлуулсныхаа төлөө шийтгэл хүлээдэг. Энэ шударга явдал
мөн гэж үү, Х.Тэмүүжин сайд аа.

Дур мэдэн газар олгосон А.Намхайг АТГ-аас шалгаж байгаа юу

А.Намхай
гэх хүний хувьд өмнө нь БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн
удирд­лагын газрын даргын албыг ха­шиж байсан.  Харин одоо БОНХЯ-ны орон
тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Улмаар 2004 оноос хойш Хан-Уул
дүүрэгт Дархан цаазтай газар болон газар давхардуулж олгосон гэх
зөвшөөрлүүд дээр А.Намхай гэх хүний гарын үсэг явсаар иржээ. Түүний
эхлүүлсэн энэ явдлаас болж байдал ийм дээ тулсан гэдгийг дурьдах ёстой.
Түүнчлэн дархан цаазтай газарт зөвхөн аялал жуулчлалын жур­маар үйл
ажиллагаа явуулах бол газар эзэмших зөвшөөрлийг нь өгдөг хууль дүрэмтэй.
Гэтэл энэ хүний Дархан цаазат газарт өг­сөн хэсэгт аялал жуулчлалын
жур­маар үйл ажиллагаа явуулж бай­гаа нэг ч газар байхгүй юм.
Тухайл­бал, Арцатын аманд аялал жуулчлалын журмаар үйл ажиллагаа явуулна
гэж өг­­сөн га­зар нь өнөөдөр “British school of Ulaanbaatar” гэх
жи­лийн 13 мянган ам.долларын төл­бөр­тэй баячуудын хүүхдийн сурдаг
сургууль үйл ажиллагаа явуулж байгаа.

 Түүгээр ч үл барам хажууд
нь 10 давхар орон сууц босч байгаа. Хэрвээ хууль журмын дагуу газар
олгох зөвшөөрөл өгсөн бол А.Намхай үнэхээр аялал жуулчлалын жур­маар үйл
ажиллагаа явуулсан эсэ­хийг нь мэдэж, шаардлага та­вих хэрэгтэй байлаа.
Гэтэл тэр хүн өөрийгөө хууль бус үйлдэл хий­сэн гэдгийг баталж өдийг
хүр­тэл үүсээд байгаа нөхцөл бай­далд нэг ч удаа тайлбар хий­гээ­гүй
байна. А.Намхай ту­хайн үед шаардлагатай гэх би­чиг баримтыг нь АТГ-д
өгсөн бай­на. Энэ талаар АТГ-аас тод­руу­лахад  “Одоогоор эрүү үүсгэн
шал­гаа­гүй. Бичиг баримт нь ирээд шалгагдаж байгаа” гэх хариул­тыг
өгсөн юм. Харин түүнтэй ярилцахаар БОНХЯ-ыг зорьсон ч ажилдаа ирээгүй
байсан бөгөөд 9919,,,,-тай дугаарт залгасан боловч холбогдох боломжгүй
гэх хариуг өгсөн юм. Ямартай ч А.Намхай гэх хүний хувьд Хан-Уул дүүргийн
хэсэгхэн газарт амьдарч байгаа иргэдийн амьд­ралаар тоглосныхоо төлөө
орон тооны бус зөвлөх хийн сууж байгаа нь энэ бололтой. Түүний Дархан
цаазат газарт олгосон зөв­шөөр­лүүдэд  яагаад аялал жуулч­лалын бус үйл
ажиллагаа явагдаж байгаа, эзэд нь  байсаар байтал яагаад давхардаж газар
олгосон талаар бид эргэн сурвалжлах болно.

Г.ТҮМЭНТӨГС
Эх сурвалж: www.MMINFO.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж