Х.Баттулга: МИАТ-ын онгоцыг маргаашаас нисгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: МИАТ-ын онгоцыг маргаашаас нисгэнэ

Засгийн газрын хуралдаанаар МИАТ компанид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн тухай бид мэдээлсэн. Тус компанид удаа дараа нислэгийн аюулгүй байдал зөрчигдөж, үүнтэй холбогдуулан техникийн албаны зарим хүмүүст арга хэмжээ авах чиглэлийг Төрийн өмчийн хороо болон ТУЗ-өөс МИАТ-ын удирдлагад өгсний дараа уг шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс ажил хаялт зохион байгуулж, олон улсын нислэг саатуулсан зэрэг нэлээд ноцтой үр дагавар үүсээд байгаа. Үүнийг Засгийн газар авч хэлэлцээд, МИАТ компанид үүссэн нөхцөл байдалд онцгой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ. Энэ дагуу ТӨХ-нд тодорхой үүрэг даалгавар өгсөн байна. Үдээс хойш ТӨХ болон МИАТ компанийн ТУЗ-ийг хуралдуулж тодорхой шийдвэр гаргах ёстой. Юун түрүүнд компанийн ТУЗ- ийг шинэчлэх гэнэ. Энэ талаар Зам тэвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, ТӨХ-ны дарга Д.Сугар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Д.Сугар:

-Халагдах өргөдлөө өгсөн инженер техникийн ажилтнуудад ямар нэг арга хэмжээ авах уу?

-Угаасаа МИАТ компанийн менежментийг боловсронгуй болгох тухай гаднын зөвлөүүдтэй хамтарч боловсруулсан төлөвлөгөө байдаг. Гуравхан онгоцтой компанид 120 орчим хүн ажилладаг нь хэтэрхий олон, үр ашиггүй бүтэц байна гэсэн дүгнэлт байдаг. Зөвлөмжийн дагуу 30-40 хүн хангалттай юм билээ. Тиймээс өргөдлөө өгөөгүй хүмүүс, дээр нь Иргэний нисэхийн газар, ЗТБХБ-ын яаманд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийг татаж авчраад шинэ багийг бүрэлдүүлэх бололцоотой гэж үзэж байгаа. Онцгой чухал албан тушаал дээр нь гадаадын мэргэжилтнүүд урьж ажиллуулах болно. Ер нь өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал ч гэсэн олон жил ажиллаж явж ирсэн ажлын л үр дүн шүү дээ. Ийм л бүтэц, бүрэлдэхүүнтэй явж ирсэн юм билээ. Үүнийг цаашдаа өөр байдлаар авч үзэх үүрэг даалгавартай ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдлаас харахад мөнгө хэмнэж, дотооддоо засвар үйлчилгээ хийх гэж байгаад тэрнээсээ ноцтой үр дагаварт хүрэх аюул их байгаа учраас үүнд болгоомжтой хандах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Техникийн газрын дарга Ё.Энхтөр МИАТ-ын дарга нарын талаар нэлээд ноцтой мэдээллийг хийсэн. МИАТ-ын дарга нар өөрсдийн насанд хүрээгүй, нислэг үйлдэх эрхгүй хүүхдүүдийг олон улсын нислэгт явуулж байна гэж. Энэ үнэн үү?

-Өөрсдийнхөө хүүхдүүдийг нисгэгч болгосныг би мэдэхгүй байна. Ер нь бол аливаа салбарт уламжлалаараа эцгийнхээ мэргэжлийн өвлөх тохиолдол байдаг. Тэглээ гээд жолоодох эрх, мэргэжилгүй хүнээр онгоц бариулсан бол ноцтой алдаа. Энэ бүхнийг хамруулан шалгаад МИАТ-ын удирдлагуудтай хариуцлага тооцно. Одоо бол МИАТ-ын удирдлагын нэгдсэн баг байгаа. Тэр багтай хариуцлага тооцно. Одоо шийдвэр хараахан гараагүй байгаа учраас хэлэх юм алга.

-МИАТ-ын хувьчлах асуудал юу болсон бэ?

-Аливаа хувьчлалыг УИХ, Засгийн газар, парламентаар баталж байж шийднэ.

Х.Баттулга

Одоо Засгийн газрын хуралдаанд буцаж ороод шуурхай шийдвэрүүд гарна. Ямар ч байсан МИАТ-ын төлөөлөн удирдах зөвлөл шинэчлэгдэхээр болсон. Шинэ ТУЗ-ийн хурлаар үүрэг гүйцэтгэгчийг томилохоор боллоо. Үүн дээр яам нэлээд анхаарал хандуулж, санаачлагыг аваад явна. Үдээс хойш ТУЗ солигдсоны дараа ямар хүмүүс солигдсоныг шууд зарлаад явна. Зүгээр өнөөдрийн мэдээлэлтэй холбогдуулаад хэлэхэд МИАТ-ын инженер техникийн ажилтнууд өөрсдийнхөө чадвар, давуу байдлыг ашиглаж ийм хэлбэрийн бойкот хийнэ гэдэг бол байж болохгүй зүйл. Энэ чинь ямар морь унаад явж байгаа биш. Гадаад нислэг, нийтдээ 1140 орчим хүний наашаа, цаашаа хөдөлгөөн саатсан байна. Улсад 380 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Өчигдөр төрийн өмчийн хороо, манай яамнаас очиж, энэ хүмүүстэй уулзаж, тохиролцоонд хүрэх гэж оролдсон боловч бүгдээрээ гарын үсэг зураад “халагдлаа” гэсэн байгаа. Тиймээс бид шуурхай арга хэмжээ авна. Яг энэ хэмжээний чадвартай цөөхөн хүмүүсийг авчирч нислэгүүдийг үргэлжлүүлнэ. Онгоц нислэгт гарахдаа инженер техникийн хүмүүс “аюулгүй” гэсэн баталгаа өгсний дараа нисдэг журамтай. Энэ дүрэм журмыг боож байгаа асуудал. Гэхдээ үүнийг тэдэнд 100 хувь тохож болохгүй. Олон жил угжирсан асуудал байгаатай бас холбож ойлгоно. Ийм учраас ТУЗ-ийн хурал дээр шийдвэрийн өөрчлөлт гарвал эргээд иргэний нисэхийн удирдах газар, МИАТ-ын удирдлагуудад арга хэмжээ авна гэсэн шийдвэр гарч байгаа.

-Энэ хэргийн гол буруутан хэн бэ?

-Буруутай этгээд нь тогтоогдчихсон байгаа. Гадаад засвар хийлгэх ёстой их засвар гэж байгаа. Одоо манайд байдаг Аэробус-360 онгоцыг 10 жил болоод их засварт оруулах ёстой. Их засварыг гадаадад хийлгэхэд маш үнэтэй болохоор дотооддоо мөнгө хэмнэх гэж байгаад төгсгөлийн шатанд данхрат мултарч, далавч цоорсон байгаа. Үүнийг хэнтэй хариуцлага тооцох вэ. Мэдээж хэн нэгний ажилдаа хариуцлагагүй хандсан, эсвэл техник, тоног төхөөрөмжийн дутуу байдлаас болж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар буруутан гарч ирж байгаа. Энэ хүн хэн бэ гэдэг дээр МИАТ хурал хийгээд арга хэмжээ аваад эхлэхэд инженер техникийн албыг ахалж байгаа Ё.Энхтөр гэдэг хүн тэр хүмүүсээ хөдөлгөөнд оруулсан, ийм л юм байна лээ.

-Техникийн ажилтнуудаас хэдэн хүнийг ажлаас чөлөөлөх вэ?

Одоогоор 96 хүн өргөдлөө өгчихсөн байгаа. Тэдэнтэй МИАТ-ын удирдлагууд уулзалт хийж байгаа. Маргаашаас онгоцоо нисгэнэ. 15.00 цагийн хурлын дараа дахиад ТУЗ-ын шийдвэрийн өөрчлөлтийг зарлана. Ингээд 17 цагт ямар арга хэмжээ авснаа зарлана.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж