Хунтайж Чарльз Йорданд айлчлав

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Хунтайж Чарльз Йорданд айлчлав

Уэльсийн хунтайж Чарльз болон түүний гэргий Камилла нар Йордан улсад айлчлан хөрш Сири улсаас дүрвэж ирсэн дүрвэгчдийн хуарангийн нөхцөл байдалтай танилцсан байна. Их Британийн хаан угсааны хосууд Йорданд хийж буй гурван өдрийн айлчлалын хүрээнд Абдулла вангийн нэрэмжит хуаранд зочилжээ. Хунтайж Чарльз болон Корнваллын гүнгийн ахайтан Камилла нар Йордан дахь Сирийн дүрвэгсдийн хуаранд зочлох үеэр эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгодог сургалтын үйл ажиллагаатай танилцан, дүрвэгчдийн санаа бодлыг сонссон байна. Харин тэднийг ирсэнд талархлаа илэрхийлэх үүднээс тус хуарнад амьдарч буй 20 хүүхэд хамтран хоор дуу дуулгаар ая барьжээ.

Хунтайж Чарльз болон түүний эхнэр Камилла нар маргааш Йорданд орших эртний Ромын үеийн түүхийн дурсгалт хотоор аялснаар тус улсад хийж буй айлчлалаа өндөрлөх гэнэ. Үүний дараа хосууд Катар, Саудын Араб, Оман зэрэг улсад айлчлахаар төлөвөлсөн байна.

Йорданы хойд хэсэгт байрлах энэхүү хуаранд хөрш Сирид хоёр жилийн турш үргэлжилж буй зөрчил мөргөлдөөнөөс дайжсан 1500 хүн түр хоргодож байгаа юм байна. Түүнчлэн Йорданы элсэн цөлд байрлах Заатари хуаранд 110 мянга гаруй дүрвэгч амьдарч байгаа аж.

НҮБ-аас мэдээлснээр Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг унагаахын төлөө эхэлсэн бослого, үймээний улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг сая гаруй хүн эх орноосоо дүрвэж Йордан, Ливан, Ирак, Египет зэрэг улсуудад түр хоргодон амьдарч байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж