Биржийн арилжаанд оролцох брокерийн компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах юм. Тиймээс тусгай зөвшөөрөл авахаар 20 өргөдөл ирсэний наймд нь зөвшөөрөл өгөхөөр болсон тухай Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Брокеруудад тавигдаж буй ерөнхий шаардлага нь хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийн доод хэмжээ 200 сая төгрөг, зохицуулалтын үйлчилгээний хөлс 100 мянган төгрөг байхаас гадна тухайн брокерийн компанийн захирал эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжилтэй, брокерийн сургалтанд хамрагдсан, брокерийн компани биржийн арилжааны сургалтанд хамрагдсан хоёроос доошгүй ажилтантай, түүхий эд хүлээн авах агуулахтай, эсвэл агуулах түрээслэх тухай гэрээтэй байх ёстой юм байна.
Барааг түүхий эд бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авагч хүртэл барааны хадгалалтын асуудлын тухайд, биржийн барааг агуулахад хүлээн авахдаа зориулалтын цахим программд бүртгэх, хаяг, кодыг баглаа боодлын аль нэг тал дээр үсэг, тоог тод харагдахаар гадны нөлөөнд арилахгүй будаг, бэхээр бичих, савлаж багласан барааг шалнаас дээш 15-20 см өндөрлөсөн тавиур дээр, хананаас 0.5 м-ийн дотогш зайд хурааж хадгалах зэргээр эрүүл ахуй, хадгалалтын шаардлагыг хангасан байхаар журманд заасан байна.
Энэ удаад дээрх аймгуудад интернэт орчинд бус танхимын арилжааг хийхээр буюу эхний ээлжинд нийслэлд 32 брокерийн суудалтай танхимын арилжааг хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн биржийн үйл явц интернэт орчинд бус, танхимын аргаар болох юм байна. Арилжаа хийх явцыг тайлбарлавал, хөдөө орон нутгаас ноолуур худалдах, эсвэл худалдан авах захиалгаа тухайн гурван аймагтаа байрлах брокерийн компаниуддаа өгнө. Ирэх захиалгыг нийслэл дэх брокерийн ажилтнууд нь зуучлан борлуулах байдлаар ажиллах ажээ.
Ийнхүү улсдаа анх удаа хөдөө аж ахуйн биржтэй болсоноор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нөөц, үнийг тогтвортой байлгах, худалдааны салбарыг цэгцтэй болгох, түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийж дотоодын хэрэглээгээ хангах, цаашдаа экспортлох боломж бий болох юм.