

Шигшээ багийг гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших ахлан дасгалжуулсан бөгөөд манай “төмөр хүлэгтнүүд” Инчён хотод сарын бэлтгэл хийж, Солонгосын дугуйчидтай арга туршлагаа солилцсондоо баяртай байна. Урьд нь МҮОХ-ноос 2007 онд байт харвааны баг тамирчдыг дээрх хөтөлбөрт хамруулсан билээ. Энэ жил Инчёны “Vision” хөтөлбөрт манай дугуйчдаас гадна Кыргызстаны тэквондо, Афганистаны боксын тамирчид Солонгос улсад хүрэлцэн ирсэн бөгөөд нийт 14 орныхон спортын 8 төрлөөр Гуулин улсын “хишгийг хүртэх” ажээ. Ингээд Монголын дугуйн эмэгтэй тамирчин Түвшинжаргалын Энхжаргал Энэтхэгт эхэлсэн Азийн АШТ-ээс цуваа гараатай 28 км-ын уралдаанд 19 тамирчинтай шандас сорьсоор, манай түүхэн дэх дугуйн тивийн аваргын анхны алтан медаль хүртэж, Япон, Хонконгийн тамирчид удаалсан байна. Т.Энхжаргал нь 2010 онд Сингапурт зохиогдсон Залуучуудын анхдугаар олимпийн наадамд триатлоны төрлөөр оролцсон билээ.