Аргентины дарангуйлагчийг бүх насаар нь хорино

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Аргентины дарангуйлагчийг бүх насаар нь хорино

Аргентины дарангуйлагч Ерөнхийлөгч асан Бенито Биньонед бүх насаар нь хорих ял оноожээ. 1982-1983 онд Аргентин улсын Ерөнхийлөгчийн албыг хашсан Бенито Биньонег хүр төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул ийнхүү хатуу шийтгэл амссан байна.

“Кампе де Майо” хэмээх Аргентины хамгийн том цэргийн баазын дор байрлах шоронд түүний зарлигаар 23 хүнийг тарчлаан зовоож хорьж байсны дотор жирэмсэн эмэгтэй хүртэл байсан гэнэ.

Биньонегээс гадна тухайн үед томоохон албан тушаал хашиж байсан Сантьяго Омар Риверос, Луис Сади Пепа, Эдуардо Коррадо, Карлос Маседра нарт мөн бүх насаар нь хорих ял оноосон байна. Үүнээс гадна цэргийн томоохон албан тушаалыг хашиж байсан дөрвөн хүнд 16-25 жилийн ял оноожээ.

Мөн Биньонег “Кондор ажиллагаа” нэртэйгээр улс төрийн өрсөлдөгчдөө устгах үйл ажиллагааг удирдан зохион байгуулсных нь төлөө нэмж ял оноох магадлал өндөр байгаа юм байна. 1970-1980-аад оны хооронд “Кондор ажиллагаа” гээчийг хэрэгжүүлснээр 40-60 мянган хүнийг тамлаж, шууд цаазаар аваачиж байсан ажээ. Үүнээс 30 мянга нь Аргентин улсын иргэн бусад нь Уругвай, Чили, Бразил, Парагвай, Боливийн иргэн байсан аж.

“Кондор ажиллагаа”-г Биньонегээс гадна Чилийн дарангуйлагч Аугусто Пиночет, Уругвайн дарангуйлагч Хуан Мария Бордаберри, Парагвайн Альфредо Стресснер, Боливийн Уг Бансер нар хамтран зохион байгуулсан гэж үздэг ажээ.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж