Зүүн Азийн наадам нэрээ солив

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн наадам нэрээ солив

Зүүн Азийн наадмын холбоо (EAGA)-ны судалгааны ажлын хэсгийн хуралдаан гуравдугаар сарын 7-нд Бээжин хотноо болж, БНСУ, БНАСАУ, Япон, Хонконг, Тайвань, Монгол, БНХАУ, Макао, Гуамын төлөөлөгчид оролцлоо. Уг хурлаар Зүүн Азийн наадмын ирээдүйн талаар нухацтай хэлэлцэж, Зүүн Азийн залуучуудын наадам болгон нэрийг нь өөрчилж, 2019 оноос дөрвөн жил тутамд зохион байгуулж байхаар тохирлоо. Одоогийн байдлаар Азийнхан дөрвөн жилийн мөчлөгт нийт 10 удаагийн тив, олимпийн наадамд оролцох өндөр ачаалалтай болж, Зүүн Азийн наадамд өндөр зэрэглэлийн тамирчид оролцох боломж улам бүр хаагдаж байгааг харгалзан үзэж, бүс нутгийнхаа спортын залгамж халааг бэлтгэх үүднээс Зүүн Азийн наадамд энэхүү “перестройка” хийхээр болсон юм. Зүүн Азийн анхны наадам 1993 онд Шанхайд, 1997 онд Бусанд, 2001 онд Осакад, 2005 онд Макаод, 2009 онд Хонконгод тус тус амжилттай зохиогдож, энэ жил Тяньжин хот их наадмыг хүлээн авахаар зэхэж байна. Манайхаас О.Пүрэвбаатар, Д.Сумъяабазар, Б.Гантогтох (бүгд чөлөөт бөх, 1997), У.Мөнх-Эрдэнэ (бокс, 2001), Ц.Мөнхзул (буудлага, 2005) нар EAG-ийн аварга болж байсан түүхтэй.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж