Гэгээн Мариягийн сүнсийг хардаг гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Гэгээн Мариягийн сүнсийг хардаг гэжээ

Дорно Африкт орших Бурунди улсад 30 настай Зебия Нгендакумана гэгч эмэгтэй сар бүрийн 12-нд Гэгээн Мариягийн сүнсийг хардаг хэмээн хүмүүсийг мунхруулж, олон зуун дагалдагчтай болсон байна. Харин өчигдөр Бурундигийн Кайанза мужийн цагдаагийн газраас тус мужид мөргөл, залбирал үйлдэж, Гэгээн Мариягийн сүнсийг харахаар явж байсан Зебия Нгендакуманагийн дагалдагчдыг хориглож, зогсоохыг оролдсоноор тэдний хооронд мөргөлдөөн гарчээ. Цагдаа нар болон мунхарсан дагалдагч нарын хооронд болсон энэхүү мөргөлдөөний улмаас зургаан хүн амь үрэгдэж, 35 хүн гэмтэж шархтсан тухай ВВС мэдээлжээ. Гэрчүүдийн яриагаар сүсэг бишрэлдээ хэт автсан олон зуун дагалдагчдын зарим нь бороохойгоор зэвсэглэсэн байсан бөгөөд тэд цагдаа нар руу дайрч, мод чулуу шидсэн байна.

Олныг мунхруулагч Зебия Нгендакумана нь өнгөрсөн жилээс католик шашны бүлэглэл байгуулж эхэлсэн бөгөөд Бурундид төдийгүй хөрш Конго улсад хүртэл олон зуун дагалдагчтай гэнэ.

Бурунди улсын иргэдийн ихэнхи нь католик шашинтай бөгөөд тус шашны бүлэглэлүүд Засгийн газрын олон нийтийн үйлчилгээний хөтөлбөрийг бойкотлсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж