Энд Улаанбаатар хотын банк, Голомт банк, “Таван богд” ХХК, “Жиэнбэвережис” ХХК, “Эйч Эйч Дабль-Ю” ХХК зэрэг компанийн сурталчилгааны найман самбар байсан. Эдгээр компаниуд заасан хугацаанд самбараа буулгаж л байвал тэр цэцэрлэг, мод, хашаа хайс хамаагүй гэж хайр найргүй хандсан нь илт харагдаж байлаа.
Захирагчийн ажлын албаны Самбар, реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Э.Даваахатан “Газар гэсээгүй байгаа болохоор самбаруудын хөлийг ингэж авахаас өөр аргагүй байсан. Дулаарахаар цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, бүрэн зүлэгжүүлэх болно” гэв.
Энд байсан долоон компанийн найман самбар нь нийсэлд жилдээ 60 орчим сая төгрөгийн хураамж төлж харин 300 орчим сая төгрөгийн ашиг олдог байсан гэх. Мөн самбаруудыг шууд буулгалгүй өөр нэгэн ашигтай шилжүүлэх болзолтойгоор буулгуулсан. Цаашид Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх хэсэг, бага тойруугаас дотогш бүх салбар замууд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Төв шуудангийн уулзвар хүртэлх болон Шангрилагийн уулзвараас Маршалын гүүр хүртэлх замд гүүрэн болон тулгуурт самбар байрлуулахыг хориглож, хуучин байсан нийт 112 самбарыг буулгах учиртай.
Багагүй ашиг, өгөөжөө өгч байсан эрээн алаг, данхайсан зарлалын самбарыг буулгахдаа цаашид нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгийг хайрлавал зүгээр сэн.