Иргэдийг батлан даах сан ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Иргэдийг батлан даах сан ажиллана

Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих Зээлийн батлан даалтын сан байгуулах тухай хууль батлагдсан бөгөөд холбогдох журмуудыг энэ сардаа багтааж боловсруулж дуусах ажээ. Тэгэхээр ажиллаж эхлэх цаг нь ойртсон гэж  албаныхан хэлж байна. Үйлдвэрлэл эрхлэгчид эргэлтийн хөрөнгөгүйгээс үйл ажиллагаа нь хумигдах, арилжааны банкнаас зээл авах хүндрэлийг багасгах зорилгоор Зээлийн батлан даалтын сан зээлийн барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувийг батлан даана гэж байгаа.

Энэ талаар Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас тодрууллаа.

-Зээлийн батлан даалтын сан байгуулах үйл явц ямар байна вэ?

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдсан. Энэ нь Монголдоо шинэ тогтолцоо бөгөөд нарийн, чимхлүүр ажиллагаа хэрэгтэй. Бизнес, үйлдвэр эрхлэгчдэд тулгардаг гол асуудал бол арилжааны банкны зээлийг авч эргэлтийн хөрөнгөө босгож чадахгүй байгаа нь гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх буюу иргэдийг төр батлан даах нь байна. Одоогоор Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Ажил олгогч эздийн холбоо, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Санхүүгийн зохицуулах хороо, Германы хамтын ажиллагааны олон улсын байгууллагын төлөөллөөс оролцуулан Зээлийн батлан даалтын сан байгуулагдсан. Сан ажиллах чиглэлийн журмуудыг боловсруулсан. Сангийн Гүйцэтгэх захирлаар Ш.Алтанхуягийг томилсон. Ингээд ойрын хугацаанд боловсруулсан журмууд дээрээ талуудын саналыг сонсч, хуульчдийн зөвөлгөөг авна. Яагаад гэвэл энэ бол анх бий болж байгаа чухал тогтолцоо л доо.

-Тэгвэл хаана, хэзээнээс ажиллаж эхлэх вэ?

– Эхний ээлжинд зургаан журмыг гуравдугаар сардаа боловсруулаад дуусгах хэрэгтэй байна. Түүний дараа л тодорхой болно доо. Зээлийн батлан даалтын сан эхний ээлжинд “Тэнгис” кино театрын хойд талд байрлах “Оранж” төвийн гуравдугаар давхарт ажиллана.

-Зээлийн батлан даалтын сангийн санхүүжилт 100 тэрбум төгрөг гэж анхнаасаа яригдсан. Сүүлд энэ өөрчлөгдөнө гэж байсан?

– Засгийн газраас 2012 оны төсөвт 11 сард таван тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Үүнийг хуулинд 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу нийт 100 тэрбум төгрөгийн батлан даалт гаргана гэж заасан. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос дээд тал нь 250 сая төгрөг гэж тогтоосон байгаа. Тэгэхээр энэ бүгдийг нягталж шийдэх юм л даа. Үүнээс гадна батлан даалтын төрөл, хэмжээ, хугацаа, хураамж, шимтгэл, батлан даалтын бүртгэл, мэдээлэл хадгалалт, иргэнтэй, банктай хамран ажиллах гэрээгээ эцэслэн шийдвэрлэнэ.

-Арилжааны банктай хэрхэн ажиллах вэ?

-Бид эхний ээлжинд Төрийн банктай хамтран ажиллах байр суурьтай байгаа. Гэхдээ талууд тохиролцоогүй байна. Цаашдаа арилжааны банкуудыг хамруулах төлөвлөгөөтэй.

-Сангаар дамжуулаад зээл авах шат дамжлагыг тайлбарлавал?

-Хувь хүн зээл авах төслөө арилжааны банкинд танилцуулна. Төслийг судалж үзээд, барьцаа хөрөнгийг нь үнэлж тогтооно. Ингээд тухайн иргэн хангалттай барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чадахгүй болвол банкны баримтыг Зээлийн батлан даалтын санд авчрах нь байна. Энэ байдлаар хамтарч, банкны хувьд олон харилцагчтай болох, үйл ажиллагаагаа тэлэх, хүмүүсийн хувьд эргэлтийн хөрөнгөө шийдэж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж