Намын хатуу гишүүнчлэлгүй болохыг намууд дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Намын хатуу гишүүнчлэлгүй болохыг намууд дэмжив

Улстөрийн намуудын тухай, намуудын санхүүжилтын тухай хуульд өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар судалж буй ажлын хэсгийн ахлагч нар  өнөөдөр улстөрийн намуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсад бүртгэлтэй 22 улстөрийн нам байдаг юм байна. Намуудын олонхи нь намын хатуу гишүүнчлэл, намын санхүүжилт нь цэвэр байх, улстөрийн бүх намууд эрх тэгш, шударгаар өрсөлдөж, нэг хуульд захирагдах ёстой гэдэгт ижил байр суурьтай байсан юм. Дээрх хуулиудад намын удирдлагууд ямар байр суурьтай байгаа хүргэж байна.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:

-Улстөрийн намын тухай, намуудын санхүүжилтын тухай хуулиудыг өөрчлөх гэдэг дээр парламентад суудалтай, суудалгүй намууд бүгд нэг байр суурьтай байгаа.
Улстөрийн намуудыг санхүүжүүлэхийн тулд эрүүл орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Манай намаас улстөрийн намын хатуу гишүүнчлэлгүй болгох, намуудын нэрийг баталгаажуулах, улстөрийн намуудын жагсаалтыг ард түмнээс авсан саналын дагуу жагсаах, намуудын санхүүжилтад төр хяналт тавих, ижил санхүүжилт олгох, сонгуулийн үеэр нэг хувиас дээш санал авсан бол санхүүжилтийг төрөөс хариуцах, нам, нэр дэвшигчийн дансыг тодорхой болгох зэрэг нийт долоон саналыг эдгээр хуулиудад санал болгож байгаа. Энэ саналаа бичгээр болон биечлэн хэлж, танилцуулж байна.

Монголын уламжлалын нэгдсэн нам Б.Батболд:

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн заалт, хоорондын зөрчлийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Өнөөдөр нэг хуулиар нь нөгөө хуулийг хязгаарлах, ингэснээр хариуцлага хүлээх эзэнгүй болж хувирч байна. Өнгөрсөн хугацаанд батлагдсан хуулиуд бүгд нэгнийгээ үгүйсгэж, хяналтын тогтолцоог алдагдуулж ирсэн. Хариуцлага хүлээх нь тодорхой байсан ч нэг хуулиар хариуцлагаас мултрах тохиолдол олон гардаг. Тиймээс энэ хуулиудыг тодорхой болгох ёстой. Нам, намуудын санхүүжилтын тухай хуулиудад ч гэсэн мөн ингэж хандах ёстой. Энэ бүхнээс үзэхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа нам, намуудын санхүүжилтын хуулиудыг ярих нь зүйтэй юм.

Бүгд найрамдах нам Б.Жаргалсайхан:

-Нэмж хууль гаргахаасаа өмнө өнгөрсөн 23 жилийн хугацаанд хууль хэрхэн биелснийг харах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд маш олон хууль баталсан. Гэтэл хяналт хэр тавьсан, хуулийн хэрэгжилт ямар байсан, хуульд хэн хяналт тавьж, хэн үүргээ биелүүлж ирснийг хамгийн түрүүнд ярих ёстой. Хууль гаргагчид нь хуулиа хэрэгжүүлэхгүй луйвар хийж, баяжиж байна. Өнгөрсөн 16 гаруй жилийн хугацаанд төр барьсан МАН булхиа хийсэн. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам булхиа хийж МАН-ыг дарсан. Хэзээ булхиа хийхгүй сонгуульд өрсөлдөж, шударгаар өрсөлдөх юм бэ. Намуудын гарааг ил тод, шударгаар өрсөлдүүлэх ёстой.

МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Бид өнөөдөр тэр нам, манай нам буруутай буруугүй гэхээс илүү өнгөрсөн хугацаанд үйлчилж байсан улстөрийн намын тухай хуулийн алдаа оноо, сайн талыг нь ярьж дүгнэх ёстой. Үүний өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал намын тухай, намуудын санхүүжилтын тухай хуулиуд өөрөө зохицуулагдаад явна.


МҮАН-ын гишүүн Г.Уянга:

-Бид нам ярихаасаа илүү Монгол Улсын төв төр хаана байгааг, нийтлэг эрх ашиг, үнэт зүйлээ эхлээд тодорхойлох ёстой. Монгол Улсад төр нь намд дарлуулдаг, нам нь бүлэг, фракцид, фракц нь гишүүддээ, гишүүд нь сонгогчиддоо дарамтлуулдаг тогтолцоогоор явж байна.  Тиймээс бид язгуур эрх ашиг, үнэт зүйлээ тодорхойлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа намын тухай, намуудын санхүүжилтийн хуулиудаа ярих ёстой.

Монголын Социал Демократ намын дэд дарга Д.Энхзаяа:

-Улстөрийн намын тухай хуулийн эхний хоёр заалт болох Монгол Улсын иргэн нэг намын харьяалалтай байх ёстой гэсэн заалтыг одоогийн хуулиар өөрчлөх ёстой. Энэ заалтыг өөрчлөхөөс эхлээд олон зүйл ярих хэрэгтэй байна. Парламентад суудалтай бус намуудын төлөөллийн саналыг авч байгаа нь сайшаалтай байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж