Архийг орхиж амьдралын зөв замдаа орж байгаа залуусаа төлөөлж А.Бямбасүрэн төрүүлсэн ээждээ хандаж “Ээж ээ, хүү нь хөлчүүхэн явахдаа хорвоог дандаа тал харж байжээ. Халамцуухан явахдаа амьдралд дандаа унаж босч байжээ. Ариухан хайрыг чинь дундалж явсан бол хүүгээ уучлаарай. Эх үрийн надин хүйн холбоог хорсгож явсан бол хүүгээ уучлаарай.
Тэгэхдээ өнөөдөр хүү нь ойлгосон. Бүгдийг мэдэрсэн. Ухаарч чадсан. Олон сайхан нөхөдтэйгээ нийлж Монголын мянга мянган залуусыг өөрчилж чадсан. Би өнөөдөр ганцаархнаа энд ирээд ээжээсээ уучлалт гуйж байгаа юм биш. Миний хэлж байгаа үгийг манай клубын мянга мянган залуус яг одоо ээждээ нэгэн зэрэг хэлж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.
Бид өөрөө өөрсдөөрөө үлгэр дуурайлал үзүүлээд зогсохгүй улс төрийн хүчнүүдтэй, яам тамгын газруудтай, ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч “Архигүй Монголын төлөө” үндэсний сүлжээг байгуулж өнөөдөр үйл ажиллагаа маань Монгол Улсын өнцөг булан бүхэнд үйл ажиллагаагаа нээн хэрэгжүүлж байгаа билээ. Ингээд клубынхээ олон мянган залуусын нэрийн өмнөөс ээжүүддээ хэлэхэд өнөөдөр ээжүүд та бүхэнд маань ийм асуудал байдаг бол түр хүлээгээрэй. Бид удахгүй очино. Монголын олон олон залуус өнөөдөр зөв амьдрал руу эргэж байгаа, эргэсээр ч байх болно.
Та бүхэн маань урт удаан насалж үр ач бид нартаа буян хишгээ, бас гайхалтай сайхан үгээ харамгүй хайрлаж яваарай гэж хүсэн ерөөе. Монголын сайхан тэнгэрлэг ирээдүй үеийн үед үүрд цэлмэг байх болтугай. Баярлалаа” гэлээ.
Алдарт эхийн одонтой 1000 ээж алдсан эндсэнээ ухаарч, архинаас татгалзаж зөв замд орсон залуусыг алга ташин хүлээж авлаа.