&#34Мэргэжлийн хяналтын шалгалтын тоог цөөрүүлнэ&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

&#34Мэргэжлийн хяналтын шалгалтын тоог цөөрүүлнэ&#34

Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн нээлттэй уулзалтын үеэр хариуцан ажиллаж байгаа агентлагуудаа Шинэчлэлийн Засгийн газрын өөрчлөлт, шинэчлэлтийн түүчээ болон ажиллаж байгааг онцоллоо. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын газар шинэчлэлийг хийхдээ урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагааныхаа 70-аас доошгүй хувийг чиглүүлдэг болно. Оюунлаг монголыг бий болгохын тулд оюуны өмчийн  бүтээлийг  олон улсын зах зээлд, Монгол Улсын өрсөлдөх чадварыг гол хэрэгслээ болгон ашиглаж бүтээлийг үнэлүүлэх, зээлийн барьцаа болгох хэлбэрийг  нэвтрүүлэхэд анхаарч  ажиллана. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тодорхой үе шаттайгаар зуун хувь цахим хэлбэрт шилжүүлж цаг хугацаа хожиж, мөнгө хэмнэж иргэдэд нээлттэй тэгш боломжийг олгоно. Стандартчилал, хэмжил зүйн шинэчлэлд заавал мөрдөгдөх стандартыг цөөрүүлж, стандартаар  худалдаа үйлчилгээнд  учруулах техникийн  саадыг хамгийн бага түвшинд хүргэж, цаашдаа европын болон олон улсын стандарт руу шилжүүлнэ” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.

– Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт  хийх бүтцийн өөрчлөлт хийж байна. Ямархуу бүтэц бүрэлдэхүүнтэй болно гэсэн үг вэ, ялангуяа урьдчилан сэргийлэх чиглэлээр гол ажил хийгдэнэ гэхээр?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бүтцийн өөрчлөлт хийнэ.  Гэхдээ 107 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Энэ хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдаад ажиллдаа орсон. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд хуулийн төслүүдийг өргөн барих юм. Тэгэхээр эхлээд хуульд өөрчлөлт оруулж байж бүтцийн өөрчлөлт хийнэ. Тэрнээс биш шууд Засгийн газар шийдвэр гаргаад өөрчлөлт оруулах боломжгүй байгаа гэж ойлгох хэрэгтэй. 

-Ямархуу өөрчлөлт хийгдэх бол?

-Наад зах нь мэргэжлийн хяналт гэдэг үгийг өөрчилж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн хяналт шалгалтын тоог цөөрүүлж, 70-80 хувьд нь арга зүйн зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулдаг болно. Сая 72 мянган аж ахуйн нэгжид эрсдэлд суурилсан үнэлгээ хийж үзэхэд 18 мянган аж ахуй нь харьцангуй өндөр эрсдэлтэй гэж гарсан. Тэр өндөр эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдийг аваад үзэхэд ажилчдын ариун цэврийн байдал, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийг  хадгалж хамгаалах нөхцлийг  засч сайжруулах шаардлагатай юм билээ. Тиймээс эрсдэл багатай 50 гаруй мянган аж ахуйн нэгж дээр байнга очиж дарамт үзүүлээд байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ рүү чиглэсэн өөрчлөлтийг хийнэ.

-Бүтцэд өөрчлөлт хийх нэрийн дор орон тоог өөрчилдөг, үүн дээр ийм зүйл гарах уу?

-Одоогоор эцсийн шийд гараагүй учир  урьдчилж хэлэх боломжгүй байна. Бидний төсөөлж байгаагаар ямар ч шаардлагагүй хяналтуудыг байхгүй болгож,  тодорхой хэмжээний хяналтуудыг мэргэжлийн яамдад өгөх ёстой. Хүний аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тулгуурласан хяналтыг л бид онцгойлон анхаарч , бусдыг нь мэргэжлийн газрууд хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж