Төр иргэнээ хохироох ёсгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Төр иргэнээ хохироох ёсгүй

-Засгийн газрын бүтэлгүй амлалтын золиос болж, аж амьдралаараа
хохироход хүрээд байгаагаа сануулахыг хүссэн иргэд өнөөдрөөс өлсгөлөн
зарлаж байна. Энэ бол нэг бус асуудалд хариулт нэхэж буй том сануулга-

Монголын улс төрд шийдвэрлэх нөлөөтэй МАН-ын талаар том, жижиг ямар ч асуудлаар сайн, муу аливааөнцгөөс бичих нь намчирхаж, талцсан хэрэг огт болохгүй биз ээ. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгууль өрнөх “шатрын өрөг” хэдийнэ дэлгэгдсэн энэ үед улс төрийн талаарх аливаа яриа МАН-ыг тойрно гэвэл давсгүй хоолтой адил зүйл болно.

Улс төр дэх хүчний тэнцвэр хөндөгдөх Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр “лидерийн эрэл”-д гараад байгаа МАН-ыг “хүнд байдалд байна” гэхээс өөрөөр хэлэх хэцүү юм. Уг нь ч өнгөрсөн хаврын сонгуулийн өмнө л МАН нэрүгүй, лидер үгүй шахам болоод байсан гэхэд хилсдэхгүй.

МАХН хэмээх нэрээ өөрчилснөөрөө үзэл баримтлалаа илүүтэй тодотгох шинэчлэл хийсэн ч энэ нь эрсдэл дагуулсан. Үүний хариуцлагыг үүрэхээ мэдэгдэж байсан тухайн үеийн намын удирдлагууд сонгуулийн ялагдлын хамт давхар зэм хүлээж, албан тушаалаа шилжүүлэн өгсөн. Хариуцлага тооцсон эдгээр үйл явц тус намын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболдыг улс төрийн тоглолтоос холдуулж, олон нийтийн дунд мартагнуулж эхлээд байв. 

Гэвч сүүлийн үед түүний тэргүүлсэн Засгийн газарт хамаарах зарим томоохон шийдвэрийн араас “зэс цухуйх” болж, тэр бүрт “С.Батболд юу хийчихсэн юм бэ” гэдэг асуулт тодорхой хүрээнд давтагдах боллоо. Тавантолгойн ордын ашиглалт, иргэн бүрт олгох хувьцаа амжилтад хүрсэнгүй. Оюутолгойн гэрээний ард ойлгомжгүй олон асуудал сөхөгдөв. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн амлалт итгэл тээсэн олон мянган иргэнийг хохироов.

Засгийн газрын бүтэлгүй амлалтын золиос болж, аж амьдралаараа хохироход хүрээд байгаагаа сануулахыг хүссэн иргэд өнөөдрөөс өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна.

Өнөөдөр эрх барьж байгаа Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын гишүүн байсны хувьд үүссэн асуудал, нөхцөл байдалд бас хариуцлага хүлээх ёстой субъект. Мөн нөгөө талаас төрийн бодлогын залгамж, уламжлалыг хадгалах үүрэгтэй. Тэгэхээр аль ч талаас нь аваад үзсэн Ардчилсан нам өмнөх Засгийн газрын бодлого, шийдвэрийн алдааг залруулж, саарыг нь засч, сайныг нь үргэлжлүүлэх ёстой байж таарна. Энэ дунд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих зэрэг С.Батболдын үед эхлүүлсэн олон эрүүл санаачилгууд үр дүнд хүрэх учиртай.

З.БОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж