“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг Сайншандад боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг Сайншандад боллоо

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг Дорноговь аймагт боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга Г.Ганбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ц.Байгальмаа, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир нар оролцож ирэх жилүүдэд тус аймагт өрнүүлэх бүтээн байгуулалт, хөгжлийн томоохон төслүүдийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт зэрэг олон асуудлыг хөндөж ярилцлаа.

Аймагтаа, сумандаа сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Дорноговь аймагт ирэх жилүүдэд томоохон ажлууд өрнөнө. Тус аймагт Сайншандын аж үйлдвэрийн паркийг түшиглэн говийн бүсийн ашигт малтмалын нөөцийг боловсруулах үйлдвэрүүд сууриа тавьж, өсөн нэмэгдэж буй цементийн хэрэгцээг хангах барилгын материалын томоохон үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөж байна.

Энэ жил улсын төсвөөс хамгийн том хөрөнгө оруулалт хийж буй аймаг бол Дорноговь. Тодруулбал, өнгөрсөн жил 30 тэрбум байсан хөрөнгө оруулалтын хэмжээ энэ жил 75 тэрбум төгрөгт хүрч батлагдсан. Замын-Үүд боомт, Сайншанд аж үйлдвэрийн парк, аймгийн төвийн бохир цэвэр усны шугамын шинэчлэл, аялал жуулчлалын төв болсон Хамарын хийдийн хатуу хучилттай замын бүтээн байгуулалт зэрэг томоохон ажлуудад энэ хөрөнгө оруулалтын тодорхой хэсэг зарцуулагдана. 2013 ондоо багтан нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдохын зэрэгцээ төмөр зам, авто замын дэд бүтцийг нь улам сайжруулна.

Эрчтэй ажиллаж чадвал Ази, Европыг холбосон тээвэр, ложистикийн  Монголын гол зангилаа, аж үйлдвэржсэн гол бүс, аялал жуулчлалын томоохон төв болох ирээдүйтэй тус аймгийн хөгжлийн төлөвлөлтөд Шинэчлэлийн Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж, эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг бүх шатанд хэлэлцэн шийдвэрлэхээр энэ аймагт өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагаа Ерөнхий сайд тодотголоо.

Дорноговиос туршлага болгон судлах ажлууд байгааг Засгийн газрын тэргүүн “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр онцолж, бусад аймаг жишээ авахыг санал болголоо. Өнгөрсөн дөрвөн жилд 1 метр квадратыг нь 400 мянган төгрөгт багтаан 1300 шахам айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан нь бусад аймагт үлгэр болохуйц жишээ туршлага хэмээн Засгийн газрын тэргүүн хэлсэн. Харьцангуй хямд өртгөөр иргэдэд хүргэсэн эдгээр орон сууцны ард зөв бодлого, зөв төлөвлөлт буйг орон нутгийн удирдлагууд судлан үзэх хэрэгтэй юм. Газрыг нь үнэ төлбөргүй шийдэж өгсөн, орон нутгийн барилгын компаниудыг дэмжих консорциум бий болгосон, орон сууцаа хорооллын стандартаар барьж сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээнүүдийг иргэдэд ойртуулсан гээд зөв бүтцийг дагалдуулан бий болгосон нь Дорноговийн онцлог байсан юм. Нөгөөтэйгүүр, нас насныхны олон янзын сонирхлыг дэмжих нэгдсэн цогцолбор ордон барьсан нь төсөв зардал хэмнэсэн бүтээлч ажил болсныг Ерөнхий сайд олзуурхлаа. Энэ мэт шинэ шинэлэг ажлуудаа Дорноговь аймгийн удирдлагууд ирэх дөрвөн жилд үргэлжлүүлэх юм. Олон түмнийхээ итгэлийг хүлээж дахин сонгогдсон аймгийн удирдлага иргэдийнхээ дэвшүүлсэн санал санаачилга, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тусгасан “Шинэ Дорноговь-2“ хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснийг аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэлсэн.

“Шинэ Дорноговь-2“ хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох, шинэ орон сууцны хорооллын шугам сүлжээ тавих, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх “Жишиг гудамж” төсөл хэрэгжүүлэх, суурьшлын бүс бий болгох, иргэдийн амралтад зориулсан цогцолбор, хүрээлэнгүүд байгуулах, сумдыг дэд бүтэцтэй болгож эхний ээлжинд төсвийн байгууллагуудыг төвөрсөн халаалтын системд холбох гэх мэт ажлууд багтсан байна.

Энэ жилээс орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэнтэй холбогдуулан аймаг, сум бүр багагүй мөнгөтэй болсон, үүнийгээ үр ашигтай, ил тод зарцуулах хариуцлага одоо орон нутгийн удирдлагад ирснийг Ерөнхий сайд дурьдаад, тухайлбал сум бүрт хуваарилсан 300-400 сая төгрөгөө юунд зарцуулахыг сумын иргэдийн саналаар шийдэж байхыг захилаа. 

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр Сайншанд сумыг хэрхэн сайн төлөвлөлттэй, иргэдийн амьдрах нөхцөл бүрдүүлсэн хот болгохов, ямар чиглэлийн үйлдвэрүүд төвлөрүүлэн хөгжүүлэхэв, говийн аялал жуулчлалын тулгуур бүсийн нэг болгохын тулд ямар алхмууд авч хэрэгжүүлэхэв зэрэг хөгжлийн олон сэдвээр холбогдох албаныхан ярилцлаа.

Шинэчлэлийн Засгийн газраас орон нутагт чиглэсэн бодлого, зорилтыг Сайншандаар жишээлэн нийтэд хүргэхээр энэ удаагийн хэлэлцүүлгийг МҮОНТВ-ээр орон даяар шууд дамжуулан үзүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж