Өмнө нь албадын дарга нар улирлын шагнал тооцохгүйгээр 125 мянган рублийн цалинтай байсан бол 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 300-330 мянган рубль авах болжээ. Ерөнхий сайдын орлогчийн зөвлөхийн цалин 70-90 мянган рубль байснаа 190 мянга болж нэмэгдсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гурав дахь бүрэн эрхийн хугацааг хэрэгжүүлж эхэлмэгц ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх тушаалд гарын үсэг зуржээ. Тушаал ёсоор 2012 оны есдүгээр сараас эхлэн Тамгын газрын ажилтнууд цэргийн цолтнуудын зэрэг дэвийн дагуу цалингаа бодуулах болсон байна. Тухайлбал, Тамгын газрын орлогч дарга Батлан хамгаалахын дэд сайдтай адил төвшний цалинтай болов.
Засгийн газрын яам, агентлагийн ажилтнуудын цалинг ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн нэмжээ. Ингэхдээ мөн л цэргийн дэвтэй тэнцүүлсэн байна. Тухайлбал, аппаратын орлогч дарга цэргийн яамны газрын даргатай адил цалинтай болжээ.
Тушаалтан бүрийн цалинг хувь хүн тус бүрээр нь бодож, элдэв ажиллагааны нэмэгдэл олгох болсон байна. Одоо Тамгын газрын ажилтнуудын цалин нь яам, газруудын ажилтнуудын цалингаас эрс өөр болсон учир удалгүй яамдын ажилтнуудын цалин нэмэгдэх нь лавтай гэж шинжээчид дүгнэсэн тухай “Forbes” мэдээлэв.
Хэрэв тийм маягаар цалин нэмэгдвэл төсвөөс 2,3 тэрбум рублийг жил бүр төрийн албан хаагчдын цалинд зарцуулах юм. Эдгээр тоонуудыг Оросын статистикийн газрын өнгөрсөн оны сүүлчийн улирлын мэдээллийн дагуу гаргасан байна. Түүгээр холбооны төрийн албан хаагчдын тоог 38 мянган хүн, тэдний дундаж цалин 60600 рубль гэсэн байжээ.