Michael Douglas: Өөрийгөө эвдэж дүр бүтээх хамгийн сайхан

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Michael Douglas: Өөрийгөө эвдэж дүр бүтээх хамгийн сайхан

Холливуудын алдарт жүжигчин Michael Douglas хүү нь хар тамхины хэргээр шоронд ял эдлэх болсонтой холбоотойгоор сэтгэл санааны хүнд байдал байгаа.
Хэдий тийм ч түүний уран бүтээл амжилт арвинтай байна.
Түүний тоглосон "Solitary Man" киноны дүр нь хамгийн сайн дүрүүдийн нэг болсон хэмээн дүгнэгдээд байна. Энэхүү бүтээл өнгөрсөн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Америкийн кино театруудад нээлтээ хийсэн юм.

Douglas энэхүү киноныхоо тухай “Reuters”-ын сэтгүүлчтэй ярилцсан байна.

-"Solitary Man" кино ямар жанрын кино вэ?

-Эмгэнэлт, инээдмийн кино. Та үзээд нэг бол үхтлээ инээнэ, нэг бол зүрхээ шархиртал харуусал зовлон мэдрэнэ. Хүн хүн ондоогоор хүлээж авах байх. Би танд ямар санагдахыг урьдчилж хэлж чадахгүй нь.

Энэхүү кино санхүүгийн болон сэтгэл санааны хямралд орсон дунд эргэм насны эрийн тухай өгүүлэх юм. Киноны үйл явдал үнэхээр ээдрээтэй шүү.
Харин манай жүжигчдийн баг үнэхээр гайхалтай байсан. Susan Sarandon миний экс эхнэрийн дүрд, Mary-Louise Parker миний найз бүсгүйн дүрд, харин Jenna Fischer миний охины дүрд тоглосон. Тэд үнэхээр гайхалтай жүжигчид. Мөн нэгэн чадварлаг шинэ жүжигчин тоглосон нь Imogen Poots. Тэр миний охины найз охины дүрд тоглосон.

-Та хувийн амьдрал болон бизнесээ нураан хаяж буй машины худалдаачны дүрд тоглосон. Энэ дүрд таньтай төстэй зүйл бий юу?

-Байгаа. Тэр миний насны хүн. Мөн миний амьдардаг Нью-Йорк хотод амьдардаг. Мөн өөрийгөө хүн шиг хүн гэж боддог. /инээв/ Харин адилгүй зүйл нь гэвэл би аз жаргалтай гэр бүлтэй. Бас би машины наймаачин биш, цаашдаа ч болохгүй байх. Та юу гэж бодож байна. Жүжигчний маань карьер дуусах үед магадгүй машин наймаалах хэрэг гарах ч юм болов уу.

-Хамтран тоглогч Susan Sarandon-ы тухай? 

-Би түүнтэй хамтран ажиллах дуртай. Түүний дүр болгон тэс ондоо байдаг. Дүр болгондоо хувирч, цоо шинэ хүн дотроос нь мэндэлж байдагт би дуртай.

-Таны энэ дүрийн яг эсрэг гэж болох нийгмийн ухамсар өндөртэй, ёс зүйтэй нэгэн эрхмийн дүрийг та "Wall Street: Money Never Sleeps" кинонд бүтээсэн. Энэ дүрийнхээ тухай?

-Gordon Gekko-гийн дүр үнэхээр сонирхолтой дүр. Гаднаас нь харахад тэс ондоо юм шиг боловч энэхүү хоёр дүр маань хувь хүний мөн чанарын хувьд их төстэй юм шиг надад санагддаг. Gordon Gekko зургаан жил шоронд суугаад эрх чөлөөтэй болоход түүнийг огт танихгүй ертөнц хүлээж авдаг. Тэр энэхүү хурдацтай хөгжилтэй хөл нийлж, өөрийн алдсан байр сууриа олж авахын төлөө тэмцдэг. Ялгаатай тал гэвэл Gekko илүү нээлттэй, сайхан сэтгэлтэй эр. Киноны хувьд бол санхүүгийн зах зээл, хувьцаа, бонд гээд бизнесийн толгой эргэм ертөнцийн жинхэнэ үнэн төрх, тэнд өрнөдөг цусгүй тулааны тухай энгийнээр өгүүлж чадсан анхны кино гэж хэлж болох байх.

-Таныг агуу төгөлдөр хуурч Liberace-н дүрийг бүтээнэ гэж яригдаад байгаа?

-Тийм ээ. Найруулагч Steven Soderbergh надад жилийн өмнө санал тавьсан. Энэ агуу хүний тухай кино хийгдэх болсонд би баяртай байгаа. Зохиолыг нь уншиж үзээд би эргэлзэх зүйлгүйгээр зөвшөөрсөн. Үнэхээр сайн зохиолтой.

-Та Liberace-тай уулзаж байсан уу?

-Аавын маань гэрт зочилж ирээд байхад нь нэг удаа уулзаж байсан. Тухайн үед нэг их тайван, ихэмсэг хүн байсан санагддаг юм.

-Liberace-г хувь хүн талаас нь та хэр мэдэх вэ?

-Би хараахан дүр дээрээ ажиллаж эхлээгүй байгаа болохоор одоохондоо сайн мэдэхгүй байна. Түүхэн хүний дүр бүтээхэд хүндрэлтэй байдаг нэг зүйл байдаг. Тэр хүн аль хэдийнэ хүмүүсийн сэтгэлд өөрийн гэсэн дүр төрхөө үлдээчихсэн, тэр хүний талаар хүмүүс тодорхой хэмжээний төсөөлөлтэй байдаг шүү дээ. Тийм болохоор тэр хүнийг сайн судалж байж л энэхүү дүрийг амьдруулж чадна. Би хамгийн энгийн зүйлээс эхэлж байгаа. Тэр нь төгөлдөр хуурын хичээл. Би төгөлдөр хуур тоглож, тэр хүн хөгжмөөс ямар зүйл мэдэрдэг байсныг хамгийн түрүүнд мэдрэхийг хүсч байна. Ямархуу төгөлдөр хуурч болох нь уу та бүхэн харна биз дээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж