Даргаа солилоо гэж эсэргүүцэл илэрхийлээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Даргаа солилоо гэж эсэргүүцэл илэрхийлээгүй гэв

МИАТ компанийн Техникийн албаны дарга нар өнөөдөр 13 цагт мэдээлэл хийлээ. Тус комданийн Техникийн албаны дарга асан Ё.Энхтөр энэ хурлыг зохион байгуулж  байгаа гэсэн мэдээлэл байсан ч өөрөө ирсэнгүй. Мэдээллийг тус компанийн Үйлдвэрлэл төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга Б.Чинзориг, Инженерийн хэлтсийн дарга Б.Төмөрчөдөр, Шугамын ахлах инженер Г.Баатар, төлөвлөлтийн ахлах инженер Д.Батбаатар, Техник үйлчилгээний ахлах инженер Ш.Есөнтөмөр нар хийлээ.

“Бид Ё.Энхтөр даргыг ажлаас нь халлаа гэж эсэргүүцэл илэрхийлээгүй. Гагцхүү алдаа гаргасан хүн бүхэнд адил хариуцлага тооцохыг шаардаж байна.Техникийн ажилтныг ажлаас халах, солих тухай дүрэм байдаг. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, онгоцны засвар үйлчилгээ хийх эрхтэй хүмүүс. Бидний ажлыг орлон хийх хүн Монголд байхгүй. Гаднаас хүн авчирлаа гэхэд 120 хүний хийж байсан ажлыг хэдхэн хийж амжихгүй. Энэ байдал удаан даамжирвал Ирландчууд түрээсээр ашиглуулж байгаа онгоцоо эргүүлэн татах, цаашилвал  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онгоц засварлах эрхээ бид хураалгах аюултай. Тиймээс шударга шийдвэр гаргаж, хариуцлага тооцох хүнээ олоосой гэж бид хүсч байна. МИАТ-ийн удирдлага дэндүү нэг талыг барьсан, ах дүү найз нөхдөө ажлын байраар хангасаар удаж байна. Нисэх гэдэг зүгээр нэг дэлгүүр биш. Олон мянган хүний амь насыг хариуцдаг онцгой газар” гэв. Тэд шаардлагаасаа буцахгүй бөгөөд нийт 103 хүн ажлаас гарах өргөдлөө өгсөн гэдгээ мэдэгдлээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж