Хотын даргыг Оакландад айлчлахыг урьжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Хотын даргыг Оакландад айлчлахыг урьжээ

АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр саяхан Оакланд хотын захирагч Жин Чуаньтай уулзжээ. Уулзалтын үеэр Н.Анхбаяр АНУ-ын Сан Франциско хотод суугаа ерөнхий консулын газар нэгдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлж, монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж байгааг мэдээлжээ. Түүнчлэн  Улаанбаатар-Оакландын хооронд 2006 онд тогтоосон ах дүү хотын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх талаар баяжуулан хөгжүүлэх, энэ үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Оакланд хотод айлчлуулах санал тавьсан байна. Хатагтай Жин Чуань  Улаанбаатар, Оакландын харилцаа хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, Улаанбаатар хотын Захирагч тааламжтай үедээ Оакланд хотод айлчлахыг урьсан байна. Оакланд хотод амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд зориулж монгол хэлний анги байгуулах талаар Ерөнхий консулын тавьсан хүсэлтийг Оакланд хотын Захирагч найрсгаар хүлээн авч зохих дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ гэж Гадаад харилцааны яамнаас манайд мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж