Монголын урлагийн зөвлөл соёл урлагийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, тэр дундаа урлагаар дамжуулан хувь хүн ба хүүхэд залуучуудын бүтээлч чанар, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилготой урлагийн боловсролын төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг билээ. Энэ удаад тус зөвлөлийнхөн “Ноён Уул Эрдэнэ” ХХК-ийн тэтгэлэгээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын мэргэжлийн урлагийн сургуулийн хөгжмийн сургалтад зориулан туурвисан 11 шинэ бүтээлийг олон нийтэд танилцуулахад бэлэн болсон байна. Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн урлагийн сургуулийн сургалтын урын санг Монгол уран бүтээлчдийн бүтээлээр баяжуулж, Монголын үндэсний сонгодог урлагийг хөгжүүлэх зорилготой юм. Энэ сарын 13-нд буюу маргааш 17.00 цагт Хөгжим бүжгийн коллежийн тоглолтын танхимд уг бүтээлүүдийг албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болно.
Г.ДАША