дэлгүүрийн баруун жигүүрт “Exclusive” Эксклюзив гэх монгол брэндийн
дэлгүүр нээгдээд удаагүй ч олны танил болжээ. Нэртэйгээ дүйцэхүйц чамин
тансаг, дээд зэрэглэлийн хувцсыг үйлдвэрлэж, боломжийн үнийг тогтоох
зорилго бүхий тус компанийн гүйцэтгэх захирал Гансүхийн Майцэцэгтэй
Монголын Хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Тэрбээр өмнө нь Польш улсад оёдол, үйлээ урлаж, бизнес эрхэлж байсан юм.
-“Монгол
брэнд” төрүүлэх асуудлыг хөндсөн “Монголын эдийн засгийн форум-2013”-д
танай компани идэвхтэй оролцсон. Форумын талаарх сэтгэгдлийг тань
сонсмоор байна. Монголчууд бидэнд брэндийг үйлдвэрлэх боломж бий юү?
–
Энэ удаагийн эдийн засгийн форум бол Монгол брэндийн эрлийн эхлэл байх
нь мэдээж. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт хандсан анхны
алхам ч гэж хэлж болох байх. Гэхдээ үр дүн нь ямар байгаа бол гэсэн
бодол эрхгүй төрж байна. Монголчууд бид брэнд үйлдвэрлэхэд чадахгүй гэх
зүйлгүй. Бид Монголдоо “Эксклюзив” нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд
удааүй ч өөрийн гэсэн хэрэглэгчтэй болж амжсан. Бүтээгдэхүүнээ гадаад
зах зээлд гаргах зорилгоор өмнөх Засгийн газрын үед зохион байгуулсан
чөлөөт бүсийн худалдаанд оролцохоор Тянжиний Бинхайг зорьсон ч
харамсалтай нь төр солигдсоноос шалтгаалаг бид зорилгодоо хүрч чадаагүй.
Тэр ажил бүтэмжтэй байсан бол бид хэлдийнэ монгол брэндээ хятадын зах
зээлд таниулчих боломж байсан. Ганц манай компани ч биш, ноолуур,
ургамлын тос үйлдвэрлэгч нар ч бидэнтэй адил цаг хугацаа, хөрөнгө
мөнгөний алдагдалд ороод л үлдсэн. Тэгэхээр эдийн засгийн форумыг чөлөөт
бүсийн худалдаа шиг үр дүнгүй, хүмүүсийг хохироосон ажил битгий
байгаасай гэж хүсч байна. Төрийн шийдвэрээс болж иргэд хохирох учиргүй.
Брэнд гэдэг цогцоороо байж сая хүнд хүрдэг. Хүмүүсийн хамгийн
сайн мэдэх “Zara” брэндээр жишээ авъя л даа. “Zara”-гийн дэлгүүрт орлоо
гэхэд малгай бээлийнээс эхлээд гадуур, дотуур хувцас, цүнх, гутлаа
хүртэл авч чаддаг Тэр бүү хэл гэрийнхнээ, үр хүүхдүүдээ хувцаслах бүрэн
боломжтой шүү дээ. Тэгэхээр хөнгөн үйлдвэрлэлийн салбараас брэнд
бүтээгдэхүүн төрүүлнэ гэвэл арьс ширэн эдлэл үйлдвэрлэгчид ч хамтдаа
хөгжих боломжтой.
-“Эксклюзив”-ийн бүтээгдхүүн чанар болоод үнийн хувьд ямархан төвшинд байна гэж та дүгнэх вэ?
-Бид
монголдоо бодит үнийг тогтоохыг гол зорилгоо болгон ажилладаг. Өнөөдөр
манай улсад брэнд бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрийн хувцас маш өндөр
үнэтэй байгаа. Гэтэл брэнд үйлдвэрлэгч улс орнууддаа бол манайхаас
бараг 2-3 дахин хямд байдаг. Тиймээс монголчууд маань хямд үнэтэй хятад
хувцсаар гоёж байна. Тэгэхээр энэ зааг ялгааг ойртуулах, монголдоо
үйлдвэрлэсэн чанар сайтай хувцсыг боломжийн үнээр авч өмсөх бололцоог
олгохыг хүсч байгаа. Тэгж гэмээнэ монгол хүний үнэлэмж ч дээшилнэ.
-Польш улсад оёдлын үйлдвэр ажиллуулж байсан гэсэн. Гадаадад үйлдвэр эрхлэх, монголдоо ажиллахад ялгнаа байна уу?
-Бид
Польшид найман жил оёдлын үйлдвэрлэл эрхэлсэн. Тэнд хэдий ажиллаж,
амьдрах орчин нь монголтой харьцуулахааргүй ч хүнд эх орон шиг сайхан
байж чадахгүй. Тиймээс бид эх орондоо эзэн нь байя гэсэн гал халуун
сэтгэл өвөрлөн ирсэн. Монголыг монгол хүн л хөгжүүлнэ.
-Танай
бүтээгдэхүүн загвар өнгө дизайны хувьд гадаадынхаас ялгаа алга. Харин
материал нь ямар байдаг бол гэж хүмүүс эргэлзэж болох юм?
-Хятад
материал бүгд чанар муутай байдаггүй. Бид Польшид “Hugo boss”-ын
эмэгтэй лайныг үйлдвэрлэж байсан. Материалыг нь хятадаас л авдаг байсан.
Хятадууд нэг материалыг чанарын хувьд 5-8 төрлөөр үйлдвэрлэж, өөр өөр
үнэ тогтоосон байдаг. Манайхан аль хямдыг нь сонгож авчирчихаад хятад
материал муу гэдэг. Манай бүтээгдэхүүний материалын чанар “Zara”
брэндээс дутахгүй. Итгэхгүй бол манай дэлгүүрээр ирээд үзээрэй. Дашрамд
биднийг байнга дэмжиж байдаг Номин группийн хамт олонд, тэр дундаа
захирал Ш.Баярсайханд талархсанаа илэрхийлье.Номингийнхон үндэсний
үйлдвэрлэгчдээ жинхэнэ утгаар нь дэмжиж чаддаг. Бизнесийг шударгаар
эрхэлж буй хүнд бол танил тал, авлига, долигонол хэрэггүй гэдгийг
Номингийнхон харуулдаг.
-Танайхаар үйлчлүүлэгчид өөрийн
биедээ тохируулан хувцас захиалах боломжтой юу. Мариалаг бүсгүйчүүд,
залууст чамин гоё хувцас өмсөх боломж олддоггүй болохоор ингэж асууж
байна л даа?
-Энэ онд бид өөрсдийн “Fashion club”-ыг Улсын их
дэлгүүрийн нэгдүгээр давхарт нээсэн. Тэндээс хүссэн загвараа сонгоод
хувцсаа захиалж болно.
-Ингэхэд та өөрийн “Эксклюзив”-ийн хувцсаараа гоёдог уу?
-Тэгэлгүй
яахав.Миний өмссөн хувцас бүгд манай бүтээгдэхүүн. Манай оёдолчид ч
гэсэн өөрсдийн бүтээгдэхүүнээ илүүд үздэг. Ер нь бол оёмол бүтээгдэхүүн
гэдэг хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ байдгаараа онцлог. Хүний анхдагч
хэрэгцээ хоол хүнс гэвэл хоёр дахь нь хувцас байж таарна. Ямар ч хүнд
хамгийн их байдаг хувцас нь оёмол бүтээгдэхүүн. Та гэртээ очоод
шүүгээгээ дэлгээд хараарай. Ихэнх нь л даавуун, оёсон хувцас байгаа
даа. Гэрт гадаагүй ноолуур, эсвэл савхи өмсдөг хүн байхгүй биз дээ.
Гэтэл манайхан хөнгөн үйлдвэрийн салбарыг ойшоож үзэхгүй байх нь бий.
Хөвөн, даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлээд бид хол явахгүй гэх хүн таардаг.
Харин би үүнийг эсэргүүцдэг. Яагаад гэвэл манай орон жилийн дөрвөн
улиралтай. Хувцас хамгаас чухал гэж хэлж ч болно. Дулаан байна гээд зун
нүцгэн явдаггүй л биз дээ. Түүнчлэн хөнгөн үйлдвэрлэлийн салбар бол
ажлын бүтээмж нь тэр дороо харагддаг онцлогтойн дээр маш олон ажлын байр
бий болгодог салбар. Оёдол арьс ширний үйлдвэрүүд шиг байгаль экологид
халтай үйлдвэрлэл биш. Экологид хамгийн ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд
анхаарахгүй байгаа нь хамгийн харамсалтай.
-Түүхий эд материалаа Монголдоо үйлдвэрлэх боломж хэр бол?
-Монголчууд
даавуу үйлдвэрлэж байсан. Социализмын үеэс хойш хэсэг завсарласан ч
одоо Номин болон Эрдэнэт кашмирийнхан даавуу үйлдвэрлэж эхэлсэн. Үүнийг
дэмжих л учиртай. Бид зүүн Европт хамгийн эрэлттэй суналттай материалыг
эх орондоо ээрч үйлдвэрлэх сонирхолтой хөөцөлдөж байна.
-Хувцас үйлдвэрлэлд загвар хамгаас чухал. Танай бүтээгдэхүүний дизайныг та өөрөө гаргадаг уу?
-Би
олон улсын зах зээл судлаач хүн. Харин миний хань Лхагвагийн Баясгалан
загвар зохион бүтээгч, дизайнер хүн. Германд сурч байхаасаа “Н and M”-д
ажиллаж байсан. Дараа нь Польшийг төлөөлж Хятадад материалын шинжээчээр
ажиллаж байсан болохоор манай бүтээгдэхүүний загвар хэнд ч гологдохгүй
гэж бардам хэлж чадна. Ер нь хөнгөн үйлдвэрлэлд хамгийн чухал зүйл бол
дизайн. Хүмүүсийн нүдийг хамгийн түрүүн хувцасны загвар л соронзоддог.
Хувцасны материалын чанар болоод үнийг хүмүүс алсаас хараад мэдэх
аргагүй. Хамгийн түрүүнд загварыг нь сонгодог. Тийм болохоор хувцас
үйлдвэрлэлд загвар зохион бүтээгч хамгийн гол хүн юм. Гэтэл манай улсад
дизайнеруудыг бэлтгэдэг мэргэжлийн сургуулийн сургалтын чанар үнэхээр
тааруу байна. Урлах эрдэм, Сити, Соёл урлагийн их сургуулийн алийг ч
төгссөн дизайнерууд авангард хувцас бүхий хүүхэн зурахаас өөр мэдлэг
алга. Дизайнер хүн оёдлын технологийг заавал мэдэж байх ёстой. Оёдлын
талаар мэдлэггүй байж загвар бүтээнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй юм. Дизайн
гэхээр манайхан авангард зураг зурах л гэж ойлгоод байх шиг санагддаг.
Дизайныг урлагийн, тайзны, хэрэглээний гэдгээр нь ангилан бэлтгэх
шаардлагатай байна. Хатуухан хэлэхэд хэрэглээний дизайнаар төгссөн нэг ч
хүн алга.
-“Эксклюзив” брэндийн нэрийг хэрхэн сонгосон бэ. Брэнд гэхээр заавал гадаад нэр байх ёстой гэж үү?
-Нэрний
хувьд хүмүүс тэгж шүүмжлэх нь бий. Гэхдээ манайхан гадаадыг шүтээд
сурчихсан хүмүүс шүү дээ. Манай бүтээгдэхүүн хийц загвар, материалын
хувьд хүмүүсийг татаж чаддаг. Зарим хүмүүс монголд үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүнээс татгалзах нь байдаг. Гэтэл нөгөө хэсэг нь монголчууд
оёсон гэхээр баяртай авах нь ч бий. Монголчууд Ази, Европын аль ч улсад
гарахад бидний брэндийн нэр ойлгогдохоор байг гэж энэ нэрийг сонгосон.
Монголчууд бол европ соёл, боловсролыг эзэмшсэн болохоор бидэнд давуу
тал их байгааг Бээжинд төлөөлөгчийн газраа нээснийхээ дараа л ойлгосон.