-Говийн ноён хутагт гэхээр хүмүүс Догшин ноён хутагт Данзанравжааг төсөөлөх нь бий. Гэтэл энэ удаа тодруулсан дүр нь говийн хутагтын ес дэх дүр гэлээ. Хутагтыг хэрхэн тодруулав?
-Хутагтын ес дэх дүрээр тодорсон хүн бол бага наснаасаа шашны зан үйлд шамдан суралцсан. Өөрийн хүсэл сонирхлоор 1997 онд Хамарын хийдэд очиж шавилан сууж байсан. Багаасаа шашны үйлд сонирхолтой, сурч боловсроход шамдангуй хүүхэд байсан. Хожим нь Энэтхэгийн өмнөд хэсэгт Гоман дацангийн Цогчин дуганд суралцаж байхад нь Далай лам хутагтын хойд дүр болохыг нь тогтоосон.
-Хутагтыг таньсан түүх сонин байна л даа. Ард олны аман ярианд ид шид мэт сонин содныг өгүүлдэг шүү дээ. Өмнөх дүрийн эдлэл хэрэглэлийг таньсан, өөрийн эд зүйлсээ нэхсэн ч гэх шиг. Энэ мэт дурсамжаас нь өгүүлбэл сонин болов уу?
-Бага насны тийм дурсамж олон бий. Гэхдээ би энд нэгбүрчлэн хэлмээргүй байна. Яагаад гэхээр манайхан амнаас ам дамжуулан ярихдаа давс хужир нэмээд хүн үнэмших аргагүй болгочихдог болохоор тэр тухай дэлгэрүүлэх боломжгүй.
-Хутагтын хойд дүр мэргэ төлөг тавьдаг уу?
-Үгүй ээ, мэргэ төлөг тавих, юм үзэх зэрэг зан үйл хийдэггүй.
-Догшин хутагт Данзанравжаа бол олон төрлийн авьяас билэг төгс хүн байсан гэдэг. Мөн нууц тарнийн ёсонд нэвтэрсэн гэх нь ч байдаг. Тэр авьяас билэг өвлөгдсөн болов уу?
-Хутагтын ес дэх дүр нь одоо тодорч байна. Догшин ноён хутагт бол тав дахь дүр нь. Нутаг нугадаа төдийгүй Монголдоо нэр алдар нь дуурссан хутагт хувилгаад ч насан туршдаа сурч боловсорч байсныг түүх гэрчилнэ. Ес дэх хутагт маань одоо шашны эрдэмд шамдан сурч байгаа. Цаашдаа ямар нууц тарнийн ёс зэрэгт суралцан, ард олондоо тустай буян номын үйл хийх нь гарцаагүй. Тиймээс ч нямбад суулган суралцуулж байгаа.
-Говийн ес дэх хутагт хэзээ эх орондоо ирэх вэ?
-Ирэх сард Монголдоо ирнэ. Тэр үеэр сэнтийд залах ёслол болно.
-Та үе дамжсан тахилч хүн. Таны өвөг дээдэс хэдэн үеэрээ тахилч хийсэн бэ.Цаашдаа тахилчаа хийсээр байх уу?
-1856 онд Догшин ноён хутагтыг таалал болсноос хойш Хамарын хийдийн тахилч нар орон хийдийнхээ эд өлгийн зүйлсийг хадгалж хамгаалж өнөөг хүргэсэн. Манайд Зориг сан, Цэдэнбал сан гэхчилэн түүхт хүмүүсээр нэрийдсэн сангууд байдаг. Үүнтэй л нэгэн адил хэрэг л дээ. Хутагтынхаа өвийг өнөөдөртэй залгуулахын тулд их зам туулсан. Ерээд оноос хойш хийдээ байгуулан шүтээн суваргаа босгоод сүсэгтэн олондоо таниулах болсон. Уламжлал ёс заншлыг сэргээх нь үе залгамжилсан тахилч бидний хүсэл байсан юм. Цаашдаа ч үргэлжилнэ. Тиймээс ч шуналаас ангид байж, сургаал зохиолыг таньж мэдсэн байх үүргийг тахилч хүн хүлээдэг. Би зургаа дахь үеийн тахилч. -Равжаа хутагттай холбоотой эд өлгийн хичнээн зүйлс байна вэ. Гучаад оны хэлмэгдүүлэлтийн үед хэрхэн хамгаалж үлдсэн юм бол?
-Манай Данзанравжаагийн музейд 2000 гаруй эд өлгийн зүйл бий. Засгийн газрын тогтоолоор эдгээр эд өлгийг хосгүй үнэт цогц өв хэмээн тодотгож өгсөн. Тавдугаар дүр Данзанравжаагийн чандараас эхлээд ховор нандин хосгүй бүтээл олон бий. Гучаад оны хэлмэгдүүлэлтийн үед авдарт хийн газарт булж хадгалсан байдаг.