Өмнөд Атландын далайд орших Фолклэнд арлын оршин суугчдын дунд өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд явуулсан санал асуулгын дүн гарчээ. Их Британийн харьяа хэвээр үлдэх эсэх талаарх явуулсан санал асуулгын дүнд тус арлын улс төрийн статусыг хэрхэн өөрчлөх асуудлыг шийдвэрлэх байсан юм. Санал асуулгын дүнд Фолклэндийн арлын оршин суугчдын 99.8 хувь нь Их Британийн харьяа газар нутаг хэвээр үлдэхийг хүсч байгаа илэрхийлснийг Associated Press мэдээлжээ. Фолклэндийн арал ойролцоогоор 2900 орчим оршин суугчтай бөгөөд үүнээс 1672 нь санал асуулгад оролцох эрх бүхий насны иргэд аж. Фолклэнд арлын санал асуулгын хорооноос мэдээлснээр бүх нийтийн санал асуулгад нийт 1517 хүн оролцсон бөгөөд тэднээс ердөө гуравхан хүн л Их Британийн харьяа хэвээр үлдэхийг эсэргүүцжээ. Түүнчлэн албаныхан санал асуулгын нэгдсэн дүнг олон нийтэд танилцуулсны дараа Их Британийн далбааг дүрсэлж улаан-цагаан-цэнхэр өнгийн хувцсаар жигдэрсэн Фолклэндийн арлын оршин суугчид баярын жагсаал хийсэн байна.
Газрын тос, байгалийн хийн багагүй нөөцтэй Фолклэндийн арлын төлөөх маргаан, тэмцэл Их Британи, Аргентин улсуудын хооронд 100 гаруй жил үргэлжилж буй бөгөөд энэ арлын төлөө тус улсууд 1982 онд дайтах хэмжээнд хүрч байсан юм. Хоёр сар орчим хугацаанд үргэлжилж, түүхэнд “Фолклэндийн дайн” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн уг дайнд Их Британи улс ялалт байгуулснаар тус арлыг өөрийн эзэмшилдээ авсан билээ. Гэвч Аргентин улсын зүгээс Фолклэндийн арлыг Их Британийн харьяанаас гаргахын тулд элдэв арга сүвэгчилсээр байгаа ажээ.
Б.АНХТУЯА