Босогчид Дамаск хотод мина харважээ

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Босогчид Дамаск хотод мина харважээ

Сирийн босогчид Дамаск хотод болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэн рүү мина харвасны улмаас зургаан хүн амь үрэгдэж, 24 хүн гэмтэж бэртсэн байна.  Сирийн босогчид өчигдөр Дамаск хотын төв хэсгийн Баб аль-Шарки дүүрэгт  дөрвөн мина харвасан бөгөөд тэдний нэг нь “Tishrin” хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд унаж, хоёр нь мөхөөлдөсний дэлгүүрийн ойролцоо, үлдсэн нэг нь айлын байшинг оножээ. Сирийн спортын ерөнхий холбооноос мэдээлснээр босогчдын харвасан мина хөлбөмбөгийн багуудын тоглолтын хоёрдугаар хагас үргэлжилж байх үеэр унасан байна. Үүний улмаас  дөрвөн хөлбөмбөгч, нэг сэтгүүлч, өөр олон энгийн иргэн гэмтэж бэртсэн бөгөөд тэднийг даруй эмнэлэгт хүргэсэн тухай “SANA” агентлаг мэдээлжээ.

Сирийн босогчид сүүлийн хэдэн долоо хоногт Дамаск хотын төвд хяналтаа тогтоож, хамгаалалтын бүс байгуулахаар оролдож байгаа боловч Засгийн газрын армийн цэргүүд тэднийг хотын зах руу шахсаар байгаа юм байна. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг унагаахын төлөөх бослогоос үүдэлтэй иргэний дайн өдгөө  хоёр жилийн нүүр үзэж байгаа бөгөөд үүний улмаас 70 мянга гаруй хүн амь үрэгдэж, нэг сая хүн эх орноосоо дүрвэж, дөрвөн сая гаруй хүн зэвсэг барин тулалдаж байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж