Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Венесуэлийн ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөгчид сонгуулийн тэмцлээ эхлүүлжээ. Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Николас Мадуро, сөрөг хүчний нэр  дэвшигч Энрике Каприлес нар сонгуулийн сунгаанд гарлаа. Энрике Каприлес  өрсөлдөгчөө Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн бол хариуд нь Мадуро түүнийг таалал төгссөн экс ерөнхийлөгчийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэнгүй, доромжилсон тул шүүхэд өгнө гэжээ.

Сөрөг хүчнээс Энрике Каприлесийг ерөнхийлөгчийн сонгуульд сойж байна. Каприлес энэ тухай албан ёсоор мэдэгдэж, “Сонгогч бүрийн саналын төлөө тэмцэх болно” хэмээв. “Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдсаны дараа дэд ерөнхийлөгч огцрох ёстой” гээд заачихсан хүчин төгөлдөр Үндсэн хуулийг зөрчиж, дэд ерөнхийлөгч Мадурог ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсныг сөрөг хүчний удирдагч шүүмжилж байна. Тэрбээр “Эрх баригчид ерөнхийлөгч агсан Уго Чавесын үхлийг ирэх сонгуулийн PR-таа ашиглаж байна. Түүнийг нас барахаас өмнө биеийн байдлынх нь талаар шат дараатай худал мэдээлэл түгээж байсан” гэж үзэж байна.

“Чавес хэзээ, хэрхэн өөд болсныг мэдэх хүн байна уу? Эрх баригчид Николас Мадурог сонгуульд бэлтгэхээр цаг хожихыг оролдсон. Ийм нөхцөлд сонгуульд оролцох нь амь дүйсэн хэрэг гэж надад олон хүн хэлж байгаа. Гэхдээ би сонгогч бүрийн саналын төлөө тэмцэнэ. Николас чамайг тийм амар байлгахгүй” гэж Каприлес хэлжээ.
 

Мадуро харин дээрх мэдэгдлийн дараа удалгүй хариу өгөв. Ингэхдээ тэрбээр  “Талийгаач ерөнхийлөгчийн дурсгалыг доромжилсон учир шүүхэд өгнө” гэж заналхийжээ. Мадуро Каприлесийг “Нью-Йоркоос ирсэн ноён” гэж нэрлээд, “Сөрөг хүчний удирдагчийн энэ мэдэгдэл уй гашууд автаад буй Чавесын гэр бүлийнхнийг доромжиллоо” хэмээв.

Албан ёсны залгамжлагч Мадуро өөрийн нэр дэвшиж буй үйлдлээ “хувийн амбицийн үүднээс биш” харин “Уго Чавес тушаасан” гэж тайлбарлав. “Он жил улиран одсон ч бид энэ агуу эрхмийг санан дурсах болно. Түүний сүнс Венесуэлийн ард түмнийг хамгаалахын тулд бидэнтэй хамт байх болно. Энэ өдөр Венесуэлийн түүхэнд хамгийн гунигтай өдөр боллоо. Хэдийгээр бид өнчирсөн ч хамтын хүчээр агуу их социалист, чавесист эх орноо байгуулж чадна гэдгийг манай ард түмэн мэдэх ёстой” хэмээн Мадуро коммунист намын их хурал дээр хэлжээ.

Их удирдагчтай салах ёс хийхийн тулд Чавесын шарилыг ирэх баасан гаригт Хувьсгалын музейд авчрах гэнэ. “Ерөнхийлөгчийн шарилыг мөнх үлдээхийн тулд занданшуулаад, ард түмэн хүссэн үедээ ирж, үзэж байхын тулд Хувьсгалын музейд шилэн авсанд хийж тавина. Ленин, Хо Ши Мин, Мао Зедун шигээр Чавесийг занданшуулна” гэж түр ерөнхийлөгч мэдэгдсэн юм.

Гэхдээ одоо Үндэсний  ассамблей Чавесын шарилыг Венесуэлийн баатар Симон Боливарыг оршуулсан Үндэсний бунханд авчрах боломжийн тухай авч хэлэлцэнэ гэж Мадуро мэдэгдэв. Өнөөгийн  хучин төгөлдөр хуулиар үндэсний баатруудын шарилыг тэднийг нас барснаас хойш 25 жилийн дараа Үндэсний бунханд байрлуулах ёстой ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж