Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Тэд бол дэлхийн тамирчид. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их спортын тавцанд амжилт гаргаж яваа, жүдо бөхийн энэ цагийн баатрууд. Нэг нь оролцсон тэмцээн, уралдаан бүртээ Монголын нүүр царай болж, тогтмол амжилтаараа Монголын жүдо бөхийн чанар чансааг илтгэж яваа ясны тамирчин. Нөгөөх нь Монголыг тусгайлан шилж сонгож, өөрсдөө хүсэлт гаргаж ирсэн Францын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Уго Легранд. Тив, дэлхий, олимпийн наадмын шагналын тавцанд зогсч, ялалтын амт, ялагдлын гашууныг биеэрээ мэдэрсэн тэд өдгөө хамтарсан бэлтгэл хийж, бие биенээ хурцалж байна.

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны баталснаар ирэх дөрөвдүгээр сард таван тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд ар араасаа болно. Залгуулаад, тавдугаар сард жин жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан “World Masters” болох учиртай. Тэгвэл, тивийн аварга, цаашлаад “World Masters”-ын бэлтгэлээ базаахаар Францын жүдочид Монголд ирээд буй. Олимпийн өмнөх жил бүтэн багаараа Монголд ирж, хамтарсан бэлтгэл хийгээд буцсан Францын багаас энэ удаад Уго Легранд тэргүүтэй хөнгөн жингийн бөхчүүд Улаанбаатарт буудаллажээ. Монголд айсуй тэдний зорилго нь дэлхийн энтэй бөхчүүдтэй хүчээ үзэж, 21 хоногийн хугацаанд туршлага солилцох явдал.

Уго Легранд бол Францын шигшээ багийн найдвар болсон тамирчдын нэг. Өнгөрсөн жил Европын аварга болсон тэрбээр 2011 онд нутагтаа болсон дэлхийн аваргаас хүрэл медаль зүүсэн. Өнгөрсөн зуны Лондонгийн олимпийн дэвжээнд дэлхийн хошой аварга, БНСУ-ын жүдоч Ван Ки Чуныг ялснаар хүрэл медалийн тавцанд С.Ням-Очиртой хамт зогсч байсан. Түүний олон улс, тив, дэлхийн тэмцээнд нэг бус удаа учраа таарч байсан өрсөлдөгч /С.Ням-Очир/-өөс нь гадна Монголд ирэх бас нэг шалтгаан нь Х.Цагаанбаатар. 66 кг-ын жинд дэлхийд ноёлж байсан Х.Цагаанбаатар жин өгсч, 73 кг-д барилдах шийд гаргаад буй. Он гарсаар 73 кг-д хүч үзэж, бага дэлхийн аварга гэгддэг Парисын “Их дуулга”-д түрүүлсэн Х.Цагаанбаатар өдгөө тус жингийн ангилалд 744 оноогоор дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдээд байна. Харин С.Ням-Очир 712 зургадугаарт бичигджээ. Уго Леграндын хувьд жиндээ 11 дүгээрт жагсаад байна. Ирэх тавдугаар сард ОХУ-ын Тюмень хотноо болох “World Masters” тэдний хувьд бүгдэд нь нээлттэй.

Х.Цагаанбаатарын хувьд 73 кг-д “Masters”-ын шинэ зочин, харин Уго Леграндын хувьд Х.Цагаанбаатар бол шинэ, бас хүчтэй өрсөлдөгч.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж