Өнгөрсөн оны онцлох уран бүтээлүүдийн нэг “ТВ коктейль” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг драмын урлагийн дээд шагнал “Гэгээн муза X” наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, хөгжмийн зохиолч гэсэн нийт зургаан номинацид нэр дэвшээд байгаа. Телевизийн хошигнол, дэлгэцийн бүтээлүүдээр дагнан ажилладаг “ТВ коктейль” хамтлаг стиль жанраа эрс өөрчлөн, драмын урлагт хөл тавьсанаа нийгмийн сэтгэл зүйд өөрсдийн оролцоог нэмэрлэсэн юм. Тиймээс уг драмын жүжгийн тасалбар эрэлт ихтэй байсан ба хэд хэдэн удаа тоглолтын товоо сунган үзэгчдэд хүрсэн ч дахин үзэх хүсэлт “ТВ коктейль” хамтлагийнханд байнга ирдэг байжээ. Үнэхээр ч уран бүтээлээрээ өдөр ирэх тусам өсөн дэвшиж яваа тэдний дуу хоолой хүрэх ёстой газраа хүрч очин, үзэгч ажиглагчдаас өндөр үнэлгээ авсаны тод жишээ энэ бол уу. Улиг болсон хайр сэтгэл, хар хорон санаа мэтээр үзэгчдэдээ залхаахын оронд үхэл амьдралын үнэ цэнэ, утга учрын тухай хүн төрөлхтөний хувьд мөнхийн сэдвүүдээр аялуулж чадсан “Хоёр ертөнцийн буудал” жүжиг өмнө нь хоёр театрын боломж бололцооноос шалтгаалан 20-хон удаа тоглогдоод өнгөрч байсан. Тэгвэл үзэхээр төлөвлөчихөөд амжаагүй үлдсэн хүмүүст аминчлан сануулахад Ж.Сэнгэдорж найруулагчийн “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг “Гэгээн муза” наадмын хүрээнд энэ сарын 22-ны үдэш 19.00 цагаас УДЭТ-т ганцхан удаа тоглогдохоор болжээ.
Г.ДАША