Ж.Сүхбаатар: ЗГ хариуцлага хүлээх ёстой

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбаатар: ЗГ хариуцлага хүлээх ёстой

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Зандашатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хохирогчидтой уулзлаа. Энэ үеэр МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Өмнөх Засгийн газраас иргэдээ орон сууцжуулахаар “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Гэтэл өнөөдөр энэ хөтөлбөрийн хохирогч болсон 250 орчим хүн жагсаал хийж байна. Өнөөдрийн энэ нөхцөл байдлыг яаж шийдвэрлэх ёстой вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүний эрхийг зөрчих, зөрчигдөхтэй тэмцэх, хөндөгдсөн  эрхийг сэргээн эдлүүлэхийг төр хариуцна гэж заасан байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төрийн бодлогын залгамж чанар байх ёстойг онцолсон байдаг. Одоогийн  Засгийн газар ч гэсэн мөрийн хөтөлбөртөө улстөрийн залгамж халааг үргэлжлүүлж, хангаж ажиллана гэж гарч ирсэн. Иргэдээ хөнгөлттэй нөхцлөөр орон сууцжуулах хөтөлбөр сүүлийн долоон жилийн хугацаанд яригдаж, олон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж байж ажил хэрэг болж эхэлсэн. Өмнөх Засгийн газрын үед хүү, зээлийн нөхцөлд тодорхой өөрчлөлтүүд орж, түүнийг нь зохицуулж ирсэн. Төрөөс явуулж байгаа хөнгөлөлттэй орон сууцны зээлээр барилга, орон сууцтай болохоор хамрагдсан иргэдэд өнөөдөр санхүүгийн хүндрэл үүсч, цаашдаа иргэдийн ирээдүйд итгэх итгэлийг алдуулж байна. Тиймээс бид эдгээр иргэдэд сэтгэлзүйн хувьд дэмжлэг үзүүлэх, УИХ-д тодорхой байр суурь эзэлж байгаа намын хувьд хохирогчдын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсч байна. МАН Засгийн эрхэнд байхдаа иргэдэд хүндрэлтэй байгаа асуудлыг сонсч, шийдвэрлэж ирсэн. Энэ хүмүүстэй Засгийн газар уулзаж, асуудлыг нь шийдвэрлэж, зохион байгуулах ёстой.

-Өмнөх Засгийн газрын үед зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн. Гэтэл одоогийн Засгийн газар үүнийг бүтэхгүй, сонгуулийн шоу байсан гэж ярих нь бий?

-Монгол Улсын Засгийн газар гэж байхаас МАН, Ардчилсан намын Засгийн газар гэж байхгүй. Бид энэ бодлоос салах ёстой, энэ бол хүмүүс хоорондын ярианы л хэллэг. Монгол Улсын Засгийн газарт ажиллах байгаа хүмүүс тодорхой хугацаагаар иргэдийн итгэлийг өвөрлөн, монголчуудын эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа хүмүүс. МАН Засгийн газрын эрхэнд байхдаа гаргасан шийдвэр буруу гэж бодож байгаа бол Ардчилсан нам гурван жилийн хугацаанд хамтарч засаг барьсан. Монголд нэг хууль, нэг дүрэм, журам гэж байхаас МАН, АН-ынх гэсэн ойлголт байхгүй. Намаар нь ялгаж ийм асуудал үүсгэж байгаа бол цаашид хэсэг бүлэг иргэдийн асуудал бус Монгол Улсын төрийн бодлого ингэж явах юм уу гэдэг асуудал үүснэ.

-Энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх боломжтой гэж та боддог уу?

-Ер нь Засгийн газар нь хэрэгжүүлэх боломж, нөөц байна гээд тухай үедээ шийдвэр гаргачихсан. Хэрэв бодлогод хяналт, засвар, өөрчлөлт хийж байгаа бол үндэслэлээ сайтар тайлбарлах ёстой. Бодлогыг нь өөрчилж, засч залруулж байгаа бол нэг асуудал. Нөгөө нэг асуудал нь  учирсан хохиролыг  иргэдийн өмнөөс төр хариуцах ёстой. МАН-ын хүмүүст итгэж зээлд хамрагдсан асуудал бус Засгийн газрын явуулж байгаа бодлого. Бодлогын хувьд өөчрөлт орж болно, гэхдээ өөрчлөлт гарсан гээд иргэд хохирох ёсгүй юм.

-Зургаан хувийн орон сууцны хөтөлбөрийг хамтарсан Засгийн газрын үед гаргасан. МАН-ын зүгээс хариуцлага хүлээж, ямар нэг бодитой ажил хийх ёстой юм биш үү?

-Хоёр намын хамтдаа гаргасан шийдвэр биш. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр. Нам гэдгийг төр гэж ойлгодог хүмүүс байна. Хоёр нам хамтарч Засгийн газарыг бүрдүүлж байхад гаргасан шийдвэр гэхээс илүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэр. Нам хариуцахгүй, нам төрийн ажлыг хийдэггүй гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын шийдвэрийг алдаатай бодлого гэж үзэж байгаа бол, засч залруулах гэж байгаа бол хохирогч нь иргэд байж болохгүй. Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр олон жилийн хугацаанд яригдаж, шийдвэрлэгдсэн асуудал. Харамсалтай нь, МАН-д Засгийн газрыг эмхлэн байгуулж, энэ бодлого үргэлжлүүлэх боломж олдоогүй, өнгөрсөн сонгуулиар. Одоо энэ асуудлыг нам ярьж, улстөржүүлэхгүйгээр эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын Засгийн газар хийх ёстой. Энэ бол аль ч Засгийн газрын хийдэг ажил шүү дээ. Иргэдээ жагсаал, цуглаан хийхэд хүргэж байгаа бол энэ удаагийн Засгийн газар ардчилсан бус байна гэж би харж байна.  Гэтэл одоогийн Засгийн газар одоо болохгүй байгаа, бүтэхгүй байгаа зүйлийг сөрөг хүчиндээ нялзаасан, өмнөх Засгийн газрын алдаатай байсан  байдлаар тайлбарлаад өөрсдөө арга хэмжээ авахгүй байна. Бидний хэлж байгаа зүйл бол Монголын иргэдийн эрх ашиг хохирч байна. Тиймээс төр хариуцсан ажлаа шийдвэрлэх ёстой.

-Өмнөх Засгийн газрын үед Оюутны цогцолбор байгуулна гэж байсныг одоогийн Засгийн газар боломжгүй гэж байна. Энэ орон сууцны санхүүжилтийг ч мөн санхүүжилтгүй, боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан бодлогыг одоогийнх нь боломжгүй, үндэслэлгүй гэж байгааг та юу гэж харж байна вэ?

-Ер нь Монголын төрд хөгжил дэвшил хэзээ явагддаг вэ. Нэг намын хөгжил, нэг нам авч явдаг байсан бол өнгөрсөн жилүүдэд болох байсан. Монгол Улсын хүч нөөцийг хөгжүүлэх, хүчийг дайчлан хөгжүүлж чадах улстөрийн хүчний бодлого Монгол Улсын хөгжүүлж чадна. Бидний хамтарсан Засгийн газар байгуулсан шалтгаан нь хамтарч Монгол Улсын хүчийг дайчлая гэдэгт санал нэгдсэн. Хамтарсан Засгийн газар хэд хэдэн хөтөлбөрийг мөрийн хөтөлбөртөө багтаасан. Энэ нь сайн, муугаар яригдаж байна. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг болохгүй гэж байгаа бол намын хэмжүүрээр ярьж байна. Одоо нэг намын хүмүүсийг хууль ёс тогтоох нэрийдлээр өөрийн намын хүмүүсийг оруулж ирэх, төрийн хүчин чадлыг сулруулж байна. Хууль, дэг журам хамгийн  их ярьж байгаа ч хамгийн их улс орны төрийн сахилга дутагдаж байгаа.  Бид өнөөдөр хохирогчидтой уулзаж байгаа нь Засгийн газар, эрх баригчдын анхаарлыг хандуулж байгаа юм. Хэрэв ийм байдлыг үл тоосон, МАН-ын үед тэгсэн, ингэсэн гэж ярьж, алагчлан хандаж, Монгол Улсыг хуваагдуулсан хандлагаар явбал энэ бол бодлогын асар том алдаа. Үүний төлөө хариуцлага хүлээх ёстой.

 Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж