Төгсөгчдийн багийн дасгалжуулагчаар НБТСГ-ын дарга, МУГТ Ж.Ганболд, шилдэг сурагчдын багийн дасгалжуулагчаар НБТСГ-ын Спортын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинбаяр, ХУД-ийн 18-р сургуулийн биеийн тамирын багш, сагсан бөмбөгийн спортын мастер Г.Нэргүй нар ажиллажээ. Энэхүү тоглолтонд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох байсан ч тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр бага зэргийн гэмтэл авсны улмаас оролцож амжсангүй. Тоглолт эхнээсээ л үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн уухай түрлэг дунд өрнөж, сурагчдын шигшээ багийнхны хурдтай дамжуулалт, довтолгоо ээлж дараалан амжилттай болж, тоогоор илүүрхэж байсан ч 2-р хагасын дундаас томчуудын баг тактикийн тоглолт хийн, оноог ойртуулсаар байлаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн найдвартай хамгаалалтаараа, Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх, МУГТ Д.Кёкүшюзан Батбаярын бөмбөг залалтын техникээрээ, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана дамжуулалт таслалтаараа, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууган хурдан довтолгоо, оновчтой шидэлтээрээ, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай бөмбөг булаалт, оновчтой шидэлтээрээ, Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны мэргэжилтэн Н.Эрдэнэбаатар холын зайн шидэлтээрээ, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ П.Сэрдамба найдвартай хамгаалалт-довтолгооноороо, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат тэгш тоглолтоороо, Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, сагсан бөмбөгийн ОУХМ М.Отгонбаяр тоглолтын талбайг мэдрэх чадвараараа, МҮСБХ-ны “Спрайт супер лиг”-ийн тэргүүн тоглогч, сагсан бөмбөгийн спортын мастер Ц.Мэргэн тэгш тоглолтоороо багийнхаа тоглолтонд хувь нэмрээ оруулж байлаа. Тоглолтын сүүлийн мөчид 5 оноогоор хожигдож явсан “Шилдэг төгсөгчдийн баг”-ийнхан дундын зайн болон торгуулийн шидэлтээр оноог ойртуулан, улмаар М.Отгонбаярын цаг дуусахтай зэрэгцэн шидсэн бөмбөг цагирагт орсноор ганцхан оноогоор томчуудын баг туршлага заан хожил авлаа. Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын “КЭС-Баскет” ТББ, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан “Сурагчдын лиг” тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэнэ гэж Нийслэлийн биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
Нийслэлийн удирдлагууд хүүхдийн спортыг дэмжив
Нийслэлийн биеийн тамир, спортын газраас дөөв дэхь жилдээ зохион байгуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн тэмцээний “БИД НЭГ БАГИЙНХАН” шигшээ тоглолтууд “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай явагдлаа. Ахлах насны ангилалд шалгарсан охид, хөвгүүдийн багууд медалийн төлөө, тэднийг дасгалжуулсан дасгалжуулагч-багш нар “Өрнө” ба “Дорно” гэсэн хоёр багт хуваагдан тоглосон бол нийслэлийн удирдлагууд болон нийгэм, спортын салбарын төлөөллөөс бүрдсэн “Шилдэг төгсөгчдийн баг”, “Сурагчдын лиг” тэмцээний шилдэг тамирчин хүүхдүүдээс бүрдсэн “Бэлэгдлийн шигшээ баг”-тай сагсан бөмбөгийн талбайд халз өрсөлдөв.