Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож,сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.
Үндсэн хуулийн уг заалтыг удирдлага болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацааны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө Иргэн төвтэй бодлогыг үндсэн зарчим болгож, төвлөрлийг сааруулах, шийдвэр гаргах бүх төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төлөөллийн ардчиллаас шууд ардчиллын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, төрийн бодлогод тусгах тодорхой ажлуудыг хийж байгаа юм.
Үүний нэг жишээ нь бодлогын шинэтгэлийн хүрээнд Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгийг 2012 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 176 дугаар зарлигаараа баталжээ. Мөн энэ оны эхний зарлигаараа 2013 оныг “Шууд ардчилал-иргэний оролцооны жил” болгон зарлаад байна.
2013 оны нэгдүгээр сарын 1 нээс мөрдөж эхэлсэн Төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс орон нутгийн төсөвт иргэдийн оролцоог хангах талаар бие даасан бүлэг, зүйл заалт оруулсан нь төсвийн менежментэд иргэдийн оролцоог баталгаажуулсан эрх зүйн томоохон шинэтгэл боллоо гэж сургалт-семигнарт оролцогчид үзэж байна.
Монгол Улсын түүхэнд нийгмийн материаллаг баялгийн хуваарилалт, түүний зарцуулалтад иргэдийг оролцуулах эрх зүйн зохицуулалтыг Төсвийн тухай хуулийн шинэтгэлээр эхлүүлсэн нь урд өмнө огт байгаагүй цоо шинэ үйл явц юм. Тус хуулиар орон нутаг төсвийн тодорхой эрх мэдэлтэй болж, түүнийг нутгийн захиргаа баг, хорооны иргэдээсээ санал асууж хамгийн их санал авсан асуудалд хөрөнгө, мөнгөө хуваарилдаг зарчимд шилжиж байгаа гэдгийг сургалтад оролцогчдод танилцууллаа. Хэдийгээр төсөв хуваарилахад иргэдийн оролцоо нэмэгдэн ч Төсвийн тухай хуульд тусгасан иргэдийн оролцооны шинэ үзэл баримтлалыг хэрхэн яаж бодит ажил хэрэг болгох вэ гэсэн асуултыг иргэд байнга тавих болжээ. Төсвийн төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоог хангах чиглэлээр нийтэд ойлгомжтой, цэгцтэй бодлого, арга механизм ч үгүйлэгдэж байгаа аж. Энэ талаар уг арга хэмжээнд оролцогчид санал бодлоо солилцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төсвийн чиглэлээр шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар багц журмуудын төслийг боловсруулж Иргэний танхимаар хэлэлцүүлэн бэлэн болгоод байгаа юм. Сургалт-зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчидмөн шууд ардчилал, иргэний оролцооны талаарх бодлогыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэх сургагч болон бэлтгэгдэх юм байна.