Хаан хуураар амилсан “гайхамшиг”

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

Хаан хуураар амилсан “гайхамшиг”

Төгөлдөр хуурын дан хар товчлуураар
тоглосон ая ямар сонсогдох тухай та бодож үзсэн үү, эсвэл дан цагаан.
Ийм байх боломжгүй учраас л төгөлдөр хуур хоёр өнгөтэй байдаг аж. Бүх
цаг үеийн хамгийн романтик хөгжмийн зэмсгийн түүх Бартоломео Кристофори
гэх итали эртэй холбоотой бөгөөд балар эртний түүх сөхөх хэрэггүй, 1720
оны үед хамаарна. Ямар ч тансаг, бүр цоо шинэ төгөлдөр хуур харлаа ч
тэндээс хуучны үнэр ханхална, бүр эртний дурсамжуудаа уудлах хэрэг
гарна. Хар, цагаан товчлуурын цаанаас Европын суут хөгжмийн зохиолч
нарын буурал толгой, хуучны борог костюм л "үнэртэн" тэдний аязыг л
хүлээнэ.

Дуурь, бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн долоо хоногт
нэгэн гайхалтай тоглолт эгшиглэсэн юм. Тоглолтын тов гарсан цагаас хойш л
үзэхсэн гэсэндээ яарсаар цагаасаа нэлээд өмнө дуурийн театрыг зорив.
Энэ бол Монголд анх удаа хийсэн “Piano Ensemble” буюу хаан хуурын чуулга
тоглолт байлаа. Дуурийн тайзнаа анх удаа дөрвөн төгөлдөр хуур эгнүүлэн
тавьж уг тоглолтыг санаачилсан эрхэм бол Хөгжим, бүжгийн коллежийн багш
Да.Тунгалаг болон түүний төрсөн дүү ХБК-ийн багш, тэнхимийн эрхлэгч
Д.Бурмаа нар. Хөгжим, бүжгийн коллежийн багш Да.Тунгалаг  болон түүний
төрсөн дүү ХБК-ийн багш, тэнхимийн эрхлэгч Д.Бурмаа нар. Төгөлдөр хуурч
Д.Тунгалаг багш Киевээс төгсч ирээд л төрөлх сургуульдаа багшаар
ажилласнаас хойш 31 жилийг ардаа үджээ. Одоо түүний шавь нар аль хэдийн
өөртэй нь мөр зэрэгцсэн багш нар болоод, зарим нь үр хүүхдээ багшдаа
шавь оруулж явна гээд бүхэл бүтэн нэг үеийг тойрчихсон аж. Тэдний шавь
нарынх нь төлөөлөл болсон 13 төгөлдөр хуурч энэ л тайзнаа дөрвөн
төгөлдөр хуурыг 16 гараар тоглон “гайхамшиг”-ыг бүтээсэн.

Сонгодог
урлагийн хаан хөгжим болсон төгөлдөр хуурын чуулгын тоглолтыг алдарт
С.Бахын органд зориулсан концертоор төгөлдөр хуурч Д.Тунгалаг, Д.Бурмаа,
Б.Ариунаа, Н.Мөнхтуяа нар эхлүүлсэн юм. Хаан хуурт зориулсан тоглолтын
намуухан аялгуу төгөлдөр хуурын хар цагаан даруулаас амилан танхимд
С.Рахманиновын “Здесь хорошо” дуу цангинасан. ХБК-ийн найрал дууны
ангийн сурагчид удирдаач багш Л.Баярмаагийн удирдлаган дор дууллаа. Тэд
80-90-ээд оны Пионерын ордоны “Улаан бүч” чуулгын хүүхдүүдийг өөрийн
эрхгүй санагдуулсан шүү. Ялгаатай нь гэвэл цэнхэр бүчээр гоёсон бяцхан
сурагчид багшийнхаа удирдлагаар хоолой салган хөгжилтэй нь аргагүй
толгойгоо хөдөлгөн дуулж, нүүр дүүрэн инээмсэглэлээр үзэгчдийг
баярлуулсан. Хажууд суух хоёр эгч тэсгэл алдан “ямар хөөрхөн юм бэ, тэр
хүүхдүүдийг ээ” хэмээн дуу алдан алга ташиж байлаа.

Төгөлдөр
хуурч Д.Тунгалаг, Д.Бурмаа нар С.Рахманиновын II Сюит-Вальс, Төрийн
хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан”
бүтээлийг тоглоход үзэгчид төгөлдөр хуурнаас танхим дээгүүр дүүлэн
аялгуунд ховсдуулсан юм. Оюун ухаанаараа төр улсаа төвхнүүлсэн монголын
түүхэн дэхь цөөхөн баатарлаг хатны тухай өгүүлэх “Мандухай цэцэн хатан”
хэмээх бүтээлээ хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэ тоглолтод зориулан
хоёр төгөлдөр хуурт хөрвүүлэн бичсэн нь үзэгчдийг ийн алгаа хорстол
ташихад хүргэсэн юм.

Хөлбөрийн дараагийн аялгууг эгшиглүүлэхээр
дөрвөн төгөлдөр хуурч нэг нэгээрээ гарч ирэн нэг л төгөлдөр хуурын ард
суулаа. Нүдэндээ ч итгэсэнгүй. Төгөлдөр хуурын 88 товчлуур дээр 8 гар
уралданхан А.Лавиньякын “Galop-Marche” хэмээх хөнгөн хэмнэлтэй аялгуу
эгшиглүүлнэ. Ганган хээнцэр, дэггүй охиныг санагдуулам тэрхүү аялгуунд
хөгжимчид ч өөрсдийнхөө ертөнцөөр дүр бүтээн хоёр, хоёроороо өөр
хоорондоо ярилцан тольдож, өдөн дэвүүрээр сэрүүцэн “өө би тоглох
болчихсон байна шүү дээ” гэх шиг нөгөө тоглож байгаа хоёртынхоо дундуур
хөг нэмэн ёстой л охидын “ертөнц”-ий хөгжмийн аялгуугаар дэлгэсэн.

Түүчлэн
тайзнаа Б.Төгсбаяр, Н.Гарьд нарын тоглосон “Монгол киноны хөгжмийн
найруулга”, Д.Хеллевел “Yellow rock”, С.Алимаа, Н.Мөнхтуяа, Н.Ганчимэг
нарын Н.Римский-Корсаковын “Хэдгэнийн нисэлт” зэрэг тоглолт үзэгчдийг
уйдаагаагүй. “Хэдгэний нисэлт” хэмээх утсан хөгжмийн бүтээлийг энэ удаад
төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх төгөлдөр хуурын зургаан гараар тоглоход
зориулан найруулжээ.

ХБК-ийн цохивор хөгжмийн чуулгын хөгжимчид
тайзнаа найман төгөлдөр хуурчын хамт М.Равелийн “Bolero”, А.Хачатуряны
“Сэлэмт бүжиг” бүтээлийг дөрвөн төгөлдөр хуур дээр 16 гараар тоглож,
сонгодог хөгжмийн гайхамшигийг үзэгчдэд жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн.
Тайзнаа баярлуулсан дөрвөн төгөлдөр хуурын ард эхний төгөлдөр хуурч гарч
ирэн тоглоод эхлэхэд бусад нь яаж тоглох юм бол доо гэсэн асуулт өөрийн
эрхгүй сонирхолыг минь татсаар байлаа. Тэд нэг нэгээрээ нэмэгдэн
аялгуунд улам хүч нэмэн зүрх хүчтэй цохилно. Хамгийн сүүлд найман
төгөлдөр хуурч нэгдэх тэр мөчид төгөлдөр хуурын даруул дээр 80 хуруу нэг
аялгууг амилуулан танхим тэр чигээрээ сонгодог аязанд автан мансуурсан
байлаа. Дэндүү хурдан болоод өнгөрсөн мэт санагдах энэ хүчтэй мэдрэмжийн
дараа алгаа хорстол ташаад ч тэдэнд баярласан талархсан сэтгэлээ дутуу
илэрхийлчих юм шиг санагдсан тийм л “амттай” агшин байв.

Цаг
гаруй үргэлжилсэн тоглолт дуусч, хөшиг хаагдсан ч хүмүүс суудалдаа
хоргодсоор. Өөр хоорондоо “манайхан мэргэжлийн өндөр түвшний, сонгодог
уран бүтээлүүдээс бүрдсэн, чуулга тоглолтыг бүрэн утгаар нь анх удаа
мэдрүүллээ тийм ээ”, мундаг байна шүү”, “Тэд чадна аа үүнээс ч илүүг
хийж” хэмээн магтаалын үг ундарч байгаа нь сонсогдов. 

Хөгжим,
бүжгийн коллежийн багш Да.Тунгалагад өнгөрсөн жил “Хаан хуурын түрлэг”
тоглолтоо толилуулсны дараа энэ тоглолтын санаа төрсөн гэдэг. Тиймээс
бараг бүтэн жил бэлджээ. Харин нэгдсэн ансамблийн бэлтгэлээ хоёр сарын
өмнөөс эхэлсэн гэхэд тэд дэндүү гайхалтай байсан шүү.

Сонирхуулахад
уг тоглолтын тасалбар тоглолт болохоос гурав хоногийн өмнө хэдийнээ
дуусчээ. Тиймээс үзэгчдээс дахин тоглооч гэсэн санал өнөөдрийг хүртэл
тэдний зүг ниссээр байгаа гэсэн шүү. Тэд энэ тоглолтоо дахин хийх бүрэн
боломжтой ч өнөөх л тайзны асуудалтай тулгараад байгаа аж. Урьдчилан
захиалсан учраас л энэ өдөр үзэгчдэд хаан хуурын гайхамшигийг
мэдрүүлсэн.

  Монголын сонгодог урлагийн тоглолт танхим дүүрэн
үзэгчидтэй бас дахин тавиач хэмээх хүлээлттэй болсон юм шүү гэдгийг
мэдрүүлсэн төгөлдөр хуурчиддаа баярлалаа. Дахиад найман төгөлдөр
хуурчийн 16 гар дөрвөн төгөлдөр хуурын товчлуур дээр гүйн танхимын
дүүрэн үзэгчдийг соронздох тэр агшинг эргэн мэдрэхсэн.




Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж