Зүүн аймгуудыг урд хөрштэй холбоход гүүр болж буй тус боомтыг Замын-Үүдийн боомтын нэгэн адил үйл ажиллагааг нь өргөтгөж, эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан энэ үеэр УИХ-ын даргаас хүслээ. Учир нь манайхан Бичигтийн боомтоор 100 гаруй км-ийн зайтай урд хөршийн Улаанхад нэртэй мужаас барилгын материал бага үнээр импортлох боломжтой. Гэтэл Улаанхадаас 300 гаруй км зам туулж Эрээн хотод ирсэн барилгын материалыг Зам-Үүдээр өндөр үнээр оруулж ирж байгаа нь барилгын салбарын үнэ ханшид нөлөөлөөд зогсохгүй Замын-Үүд боомт ачаалалтай ажиллах болдог гэж Бичигтийн боомтынхон ярьж байсан юм. Боомтод өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн суурьшиж, ажиллаж байна. Цаашид энэ боомтыг Замын-Үүд боомтын адил хөгжүүлэхэд бэлтгэл ажил болгож захиргаатай болсон байв.
Мөн Монгол Улс түүхий нефтиэ Өвөр монголын өөртөө засах орны Хөх хот руу гаргаж боловсруулан буцааж импортлох гэрээ хэлэлцээрийг холбогдох газруудтай хийж байгаа тул цаашдаа Бичигтийн боомтоор нефть экспортлох, импортлох асуудал ч тавигдаж байна. Тиймээс боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал болоод байгаа аж. Орон нутгийн удирдлага, иргэд ч Бичигтийн боомтыг аймгийн төвтэй холбосон хатуу хучилттай авто зам, түүнчлэн Сүхбаатар аймгийг Улаанбаатар хоттой холбох авто замыг 2016 онд ашиглалтад оруулна гэж хүлээж суух биш ойрын үед барьж ашиглах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж үзэж буйгаа хэлж байлаа. 2013 онд Монгол Улс нефть экспортлогч орон болж байгаагийн хувьд Бичигтийн боомтыг хөгжүүлэх асуудалд УИХ анхаарч ажиллана. Түүнчлэн Парламентын тэргүүнээр ахалсан ажлын хэсэг зүүн гурван аймагт ажилласнаар зүүн бүсийн хөгжлийн гол тулгуур тодорхой болж байна гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр хэлж байлаа.
Бичигтийн боомтод УИХ-ын дарга нефть хэрхэн экспорлогдож байгаатай танилцсаныхаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдтэй уулзаж УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсэн хууль, тогтоолын талаар мэдээлж, иргэд сонгогчидтой санал бодлоо хуваалцлаа.
Нутгийн иргэд Улаанбаатар хоттой холбосон авто зам, цаашлаад Бичигтийн боомтын хөгжлийг дагасан төмөр замтай болох, Тамхины хяналтын тухай хуулийг дэмжиж байгаагийн зэрэгцээ Архины хяналтын тухай хуультай болох зэрэг хүсэлтийг тавьж байсан. БНХАУ-ын тал Бичигтийн боомт хүртэл авто болон төмөр зам тавичихсан, одоо монголын талын дэд бүтцээ хүлээгдэж байгаа юм байна.
Уулзалтын дараа хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай "Баян-Эрч" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын дарга томилолтынхоо хугацаанд энэ компаниар орох төлөвлөгөөгүй байсан юм. Дорнодын Политехникийн коллежийн үйл ажиллагаатай парламентын тэргүүн танилцахдаа 400-гаад ажилтны захиалга өгсөн нууцлагдмал тус компаниар гэнэт зочилхоор төлөвлөсний дагуу "Баян-Эрч" компанийг зорьж очсон. Молибдены үйл ажиллагаа эрхлэхээр 2009 оноос хөрөнгө оруулж эхэлсэн энэ компани манай улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсны дээр компанийн удирдлагуудаас бусад ажиллах хүчнээ монгол боловсон хүчнээр хангасан байсанд УИХ-ын гишүүд сайшаалтай хандлаа. 17 сая тн нөөцтэй хүдрийн уурхайд дулааны цахилгаан станц, баяжуулах үйлдвэр зэрэгт мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байгаа юм байна. Аймаг, сумын залуучуудыг шаардлагатай мэргэжлүүдээр сургахын зэрэгцээ зэргэлдээх аймгуудаас мөн боловсон хүчнээ бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг УИХ-ын дарга компанийн удирдлагуудад хэллээ. Ийнхүү Сүхбаатар аймагт ажилласан УИХ-ын ажлын хэсэг өчигдөр Багануур дүүрэгт ажиллаж ард иргэдтэй уулзлаа. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар мөн байлцав.
УИХ-ын дарга Багануур дүүрэгт цахилгаан станц баригдахаар болсон нь тус дүүргийн иргэд бүгд ажилтай байх нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа гэдгийг хэлсэн. Цахилгаан станцтай болчихвол Багануурын иргэд хүлэмжийн тариалалт эрхлэх боломжтой болох юм байна. Түүнчлэн "Багануурт ШУТИС-ийг нүүлгэхээр зураг төсөл хийгдэж байгаа. Төв болон зүүн бүсийг холбосон Багануур дүүргийн ирээдүй сайхан харагдаж байна. Нүүрсийн орддоо хамгийн ойр суурин бол Багануур дүүрэг. Тиймээс нүүрсийн шингэрүүлсэн хийн үйлдвэр, хуванцар материалын үйлдвэр гээд үйлдвэрлэл мөн хөгжих бололцоотой байна" гэж УИХ-ын дарга З.Энхболд хэллээ.
Ийнхүү УИХ-ын даргын энэ удаагийн таван хоногийн томилолт амжилттай өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.