Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгой ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт энэ сарын 9-нд осол гарч, хэд, хэдэн ажилчид бэртэж гэмтсэн тухай мэдээлэл цацагдсаныг тус компани няцаалаа. Энэ тухай “Оюутолгой” ХХК-ийн ахлах менежер Ч.Бүрэнбаяр хариу тайлбар хийлээ. Тэрээр “Энэхүү ташаа мэдээлэл нь өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд гарсан үйл явдлаас улбаалж байж болзошгүй. Тухайн өдөр Баяжуулах үйлдвэрт шохойн уусмал дамжуулах хоолойн нэг хэсэг бэхэлгээнээс унаж, нэг хүн бэртэл авч, мөн цөөн хэдэн хүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай эмчилгээг хийсэн. Одоогоор үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа, ослын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байгаа. “Оюутолгой” компани нь ажилтан, ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндэд онцгой анхаарал тавьж ажилладаг. Цаашид ийм төрлийн осол, бэртэл гаргахгүй байх үүднээс осол гарсан шалтгааныг нарийн судалж байна” гэлээ.
Г.ДАРЬ