Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 36 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 36 хувиар буурчээ

Бүртгэлтэй ажилгүй иргэдийг хоёрдугаар сарын эцсийн байдлаар авч үзэхэд, 37.4 мянга байгаа ажээ.  Энэ нь жилийн өмнөхөөс 21 мянган хүнээр буюу 36 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Ийнхүү бүртгэлтэй ажилгүй иргэд мэдэгдэхүйц 30 гаруй хувиар буурсанд нийгэм, цаг үеийн өөрчлөлт, төрийн бодлого нөлөөлсөн гэж албаныхан хэллээ.

Тухайлбал, Засгийн газраас 6600 мэргэжилтэй боловсон хүчнийг мэргэшүүлж, ажлын байранд зуучлах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн болон жижиг дунд үйлдвэрийнхнийг анхаарах бодлого үр дүнгээ өгч эхэлж байна гэж Хөдөлмөрийн яамнаас онцолж байна. Ялангуяа иргэд бизнес эрхэлдэг ч эргэлтийн хөрөнгө, боловсон хүчин дутагдалттай байдгаас гацаанд ордог байдлыг арилгах боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөрийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Үүгээр 6600 хүнийг ажлын байранд бэлтгэж оруулахын тулд Хөдөлмөрийн төв биржид ажилгүй иргэдийг бүртгэж авч, сонгосон мэргэжлээр нь сургаж байгаа юм. Одоогийн байдлаар эхний ээлж болох 4000 гаруй иргэн хот, орон нутагт салбар сургалтын төвүүдэд суралцаж байгаа бөгөөд зургадугаар сард төгсч, сертификатаа авснаар ажилд орох ажээ. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн,  бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээлийн батлан даалтын сан батлагдсан, банкны барьцаанд хөдлөх хөрөнгийг тооцох тухай эрх зүйн орчинг ярьж эхэлсэн нь бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурахад сэтгэл зүй, үйл ажиллагааны хувьд ч бодитоор нөлөөлж эхэлж байна гэж албаныхан хэллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж