Харин ардчилсан нийгмийн байгуулалтаас хойшхи 20 гаруй жилийн сэтгүүл зүйн түүхийг нэн шинэ сэтгүүл зүйн үе хэмээн бичиглэж болох боловч анхнаасаа тогтон байсан үзэл суртлын сэтгүүл зүйн уламжлал амь бөхтэй оршсоор байгаа нь нуух аргагүй дутагдал гэж анхааруулжээ. Барууны хэдэн зуун жилийн туршлагын дэргэд манай сэтгүүл зүйн 100 жил бага хугацаа ч өдгөө техник, технологи болоод нийгмийн байгуулалтын огцом дэвшлийн үе учраас бид cэтгүүл зүйн дутуу хөгжлөөсөө богино хугацаанд ангижрах шаардлага тулгарч байгаа юм.
Сэтгүүл зүйн үндсэн зарчмуудын хамгийн чухал зүйл нь үнэн, бодит байдал. Бид үнэнийг гуйвуулалтгүй мэдээлэх үүрэгтэй учраас редакцийн хараат байдал, зах зээлээсээ хэт давсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн мэргэжлийн чадвар гэх мэт дутагдлаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ хэрхэн өөрчлөх тухай ч ярилцав. Аливаа тэмдэглэлт үйл явдлыг дагалддаг уламжлал ёсоор сэтгүүлч нөхдөд маань төрийн гурван өндөрлөг баярын мэндчилгээ илгээсэн байлаа. Ерөнхий сайдын мэндчилгээнээс онцлоход “Үндэсний эрх ашгийг дээдлэх, хүний жам ёсны заяагдмал эрхийг эрхэмлэж, нийгмийн ардчиллыг төлөвшүүлэх, төр засгийн үйл ажиллагааг нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоог буй болгож иргэний нээлттэй нийгмийн үнэт зүйлсийн үнэлэмжийг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг өсөн нэмэгдэж байна. Монголын үндэсний сэтгүүлзүйн хөгжлийг цаашид улам эрчимтэй хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, сургалт судалгааны тогтолцоог шинэчлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдлыг хангах, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно” хэмээжээ.
Харамсалтай нь өнөөгийн Засгийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо энэхүү мэндчилгээтэйгээ давхцуулан кабелийн телевизийн есөн сувгийг хаасан нь сэтгүүл зүйн 100 жилийн ойн хамгийн сонирхолтой сюрприз байлаа. “Mon Cinema”, “VIP home shopping”, “Musicbox”, “Шонхор”, “MBO”, “MDS” , “ZMS”, “Соёмбо”, “ITV” зэрэг кабелийн сувгуудыг чухам ямар шалтгаанаар хааснаа тодорхой тайлбарлаагүй, харин өнгөрсөн нэгдүгээр сард кабелийн сувгийн 42 телевизийг харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгасны дагуу дээрх есөн сувгийн үйл ажиллагааг хаалаа хэмээн ярьж байв. Баярынхаа өдрөөр хаагдсан дээрх сувгуудын дундаас “Шонхор” суваг мэдээллийн хөтөлбөр болон асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг, ярилцлагуудаараа бусдаасаа ялгарч байсан. Харамсалтай нь дээрх телевизийн ажилчид өглөө нь ажилдаа гараад үдээс хойш ирэхдээ суваг нь хаагдсан тухай хар мэдээ сонссон юм. Чухам яагаад ойн баярын өдрөөр нь ийм зүйл хийснийг мэргэжил нэгт нөхөд нь тодруулахад Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтан “Шийдвэрийг хэрэгжүүлсэн хугацаа нь ингэж таарлаа” хэмээн ярьж байна. Харин сэтгүүл зүйн салбарынхан аливаа хар шийдвэрийг амралт, баяр ёслолын үе тааруулан хэрэгжүүлдэг манай үе үеийн Засгийн газрынхны мартуулах тактиктай муухай монгол зан гэж хардаж байгаагаа нуухгүй байгаа юм.
Ийнхүү үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойгоор Шинэчлэлийн Засгийн газар хаах, хорих ажлыг үргэлжлүүлэв. Ерөнхий сайд нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад бүхий л арга хэмжээ авна хэмээсэн баярын бичиг илгээж байхад нөгөө талд нь хэвлэлийн эрх чөлөөг хаасан шийдвэрийг гаргаж байгаа нь ардчилсан үзэлтэй төр манайд байгаа эсэхэд эргэлзэхэд хүрч буйг онцолж байна. Дээр дурдсанчлан манай сэтгүүл зүйн салбарт дутуу хөгжил байна. Гэхдээ үүнийг гүйцэд бойжуулахдаа хааж, боох биш ардчилсан жамаар, нийгмийнхээ хэрэгцээгээр, хууль эрх зүйн шинэчлэлээр хийнэ гэдгийг ойлгох ёстой юм. Хэвлэл мэдээлэл гэдэг хэрэглэгч өөрөө сонголтоо хийж үзэж, сонсч, уншдаг нийгмийн онцгой салбар билээ. Кабелийн сувгуудын хувьд ч өнөөгийн энэ их өрсөлдөөн дундаас жамаараа цойлон гарах, эсвэл үйл ажиллагаагаа өөрийн хүсэлтээр зогсоох эрхийг нь үлдээх хэрэгтэй. Нэгэн зууныг элээсэн сэтгүүл зүйн салбарынхан бидэнд ирээдүйгээ өөрчилж, болохгүйгээ засахад хааж, боох шийдвэр тун хүнд тусч байна.Сэтгүүлчдийг баярынх нь өдрөөр боомиллоо шүү дээ, энэ Засгийн газар.
Эх сурвалж: www.polit.mn