ИНЕГ болохгүй байна хэмээн ажилчид нь мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

ИНЕГ болохгүй байна хэмээн ажилчид нь мэдэгдэв

МИАТ компанид үүссэн хэрэг ядалтай холбогдуулан тус компанийн 20 орчим ажилчин Иргэний нисэхийг хямралаас гаргах түр хороог өчигдөр байгуулагджээ. Тус хорооноос өнөөдөр иргэний нисэхийн системд нүүрлээд байгаа хямрал болон өчигдөр МИАТ-д болсон үйл явдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тус хорооны дарга, Иргэний нисэхийн ерөнхий хөдөлгөөний инженер Р.Баатархуяг “Бид нислэгийн удирдагч, нисгэгч, инженер техникийн ажилчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын инженер техникийн ажилчид олон улсын түвшинд хүрч гадны мэргэжилтнүүдийг царайчлалгүй өөрсдөө засвар үйлчилгээгээ хийх болж Монгол улсын болоод МИАТ компанийн эдийн засагт дорвитой хувь нэмрээ оруулж сайхан амжилт гаргаж байсан. Гэвч хэд хоногийн өмнө манай ажилчид онгоц засварлах явцад жигнэх үйл ажиллагаан дээр технологийн алдаа гарган далавчаа гэмтээсэн юм. Харамсалтай нь энэ дагуу зохих хүмүүст нь хариуцлага тооцон дэмжээд явах ёстой байтал удирдлага үүнийг далимдуулан чадварлаг хүмүүсийн эрхийг хааж боон нухчин дарах үйл ажиллагаа явуулсан” хэмээн мэдэгдлээ.

Мөн түүний хэлснээр иргэний нисэхийн системд удирдлагын хямрал болсон гэж тус хорооныхон үзэж байгаа аж. Учир нь саяхан бүтэц нэртэйгээр дээрээс нь авахуулаад жирийн ажилчин хүртэл хоморголон халсан юм. Мөн хүнээ сургаж дадлагажуулсны дараа ажиллуулах гэсэн шат дараалсан арга хэмжээ байхгүй болсон. Өмнө нь Боинг онгоцоор нисэхийн тулд нисгэгчид 20-30 жил дадлагаждаг байсан бол өнөөдөр жижиг онгоцон дээр ч нисч үзээгүй хүн том онгоц жолоодож байх жишээтэй. “20-30 жил ажилласан хүнд нэг л өдөр халах өргөдөл өгөхөд тэр хүн ямар дарамтанд орохов бас л бодох асуудал. Үүнийг л таслах зогсоох үүднээс бид мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой байгуулагдаад байна” гэлээ.

Түх хорооныхон төрийн гурван өндөрлөгт хандан Иргэний нисэхийн ерөнхий газарт үүсээд буй асуудалд анхаарал тавьж комисс томилон шалгах, одоо удирдаж буй дарга, удирдлагуудын асуудлыг яаралтай шийдэх, мэргэжилтнүүдийн дуу хоолойг тусгаж иргэний нисэхийг чадварлаг удирдлагаар хангаж өгөхийг хүсэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж