Монголыг булаацалдсан Орос, Хятадын ”ТУЛААН”

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Монголыг булаацалдсан Орос, Хятадын ”ТУЛААН”

Дэлхий ертөнцийн хөгжил, тэр дундаа манай хоёр хөршийн эдийн засгийн сонирхолд тулгуурласан өөрчлөлт нь Монгол Улсын гадаад орчинд шууд утгаараа нөлөөлсөөр ирсэн. Ингэхдээ “Зөвхөн бид, зөвхөн би байх ёстой” хэмээх Орос, Хятадын сонирхол өдгөө Монголыг бусад улстай харилцахад юун түрүүнд хоёр хөрштэй эвлэлдэн зохицох үүд хаалгыг нээх болж. Үүний шалтгаан нь хангалттай олон. Зөвхөн нэг бус нэлээд хэд гэж болно. Үүнээс улбаалан “Монголыг булаацалдсан Орос, Хятадын “тулалдаан” хэмээн нэгэн сэдвийг цаг үргэлж хөндөх үүргийг улстөрчид, эдийн засагчид, тэр дундаа сэтгүүлчдэд ч олгож буй. Өчигдрийн манай сонинд нийтлэгдсэн “Ц.Элбэгдоржийн Кремль хүрэх зам уранаас болж бүдгэрсээр” хэмээх нийтлэл ч дээрх “тулалдаан”-ы талаарх нэг сэдэв байх нь дамжиггүй.

Өдгөө “Монголын уран Оросынх байх ёстой” гэсэн хойд хөршийн төрийн өндөрлөгүүдийн санаархал нь манай Ерөнхийлөгчийн айлчлалыг хойшлуулах хэлбэрээр өрнөж байгаа нь хачирхалтай хэрэг. Дэлхийн эдийн засагт, тэр дундаа эрчим хүчний шинэ хэрэглээнд чухал нөлөө үзүүлэхүйц 62 мянга орчим тонн (одоогийн тогтоогдсон нөөцөөр) Монголын уран ийн асуудал үүсгэж байна. Үүнд Канадын хөрөнгө оруулагчид хэчнээн дургүйлхсэн ч Оросын тал манайх бол стратегийн, тэр дундаа мөнхийн түнш хэмээх логикоор хандах нь сонин. Улмаар “Хан ресурс”-ын хувьцааны ханшийг худалдаж авах тулгалт хийж, Монголын тал дэмжлэг үзүүлэх ёстой гэх байр сууринаас хандсан. Харин тэдний эл алхамд Хятадын тал ч мөчөөгүй өгсөнгүй. Сүүлийн үед манайхаас ураны талаар тусгай зөвшөөрөл эзэмших нэн шинэ хүсэлтүүд компанийн дунд Хятадын хөрөнгө оруулагчид явж байгаа. Мөн “Хунбөө” тэргүүтэй компани нь аль хэдийнэ Дорнодын уранаас хувь хүртэхээр хөөцөлдөж буй. Түүнчлэн тус улсын ураны чиглэлийн хамгийн том улсын мэдлийн групп болох “CNNC”-ээс “Хан ресурс”-ын хувьцааг худалдаж авах давуу үнэ санал болгосон. Тус группын тухайд оросуудаас илүү үнэ амласны зэрэгцээ манай Цөмийн энергийн газарт “Зах зээлийн яриа хэлэлцээрт оролцох шаардлагагүй” гэсэн хариулт өгсөн юм.

УИХ дээр тодорхой хугацаанд маргаан мэтгэлцээн дагуулж, Монголын хамгийн том ураны орд болох “Дорнод уран”-ы 52 хувийг эзэмшигч “Хан ресурс” компани хувьцаагаа дур мэдэн хятадуудад зарж болохгүй хэмээн эсэргүүцэхэд тус газраас “CNNC” рүү албан бичиг илгээж. “Хан ресурс”-ын хувьцааг авах яриагаа бидний зөвшөөрөлтэй хийх ёстой гэх тус газрын албан бичигт “Уучлаарай. Бид зах зээлийн зарчмын дагуу явж байгаа” хэмээсэн. Гэтэл эсрэг талд нь ОХУ-ын “Атомредметзолота” хэмээх төрийн өмчит компани “Монголын уран зөвхөн манайх” хэмээж, “Дорнод уран” компанийн хувьцаанд хаанчлахын төлөө зүтгэж байна. Эндээс Монголын уран зөвхөн Монголынх бус Орос, Хятад хоёр илүү их мэдэх ёстой гэх гаргалгаа гарч буй. Оросын тал нь өөрийн нутагт 35480 мВт-тын хүчин чадалтай 36 реактор барихаар төлөвлөсөн бол хятадууд 91060 мВт-тын хүчин чадал бүхий 103 реактор барих тооцоотой. Тэгэхээр шинэ түүхий эдийн эрэлт хэрэгцээний дагуу тэд ураны төлөө хоёр талаас хүчийг үзэж байна. Асуудал цаашид хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй ч “Хан ресурс”-ын хувьцааг   хятадууд авсан тохиолдолд Оросын талд таалагдахгүй. Оросууд “Дорнод уран” компаниар дамжуулж өөрсдийн эзэмшлийн 21 хувийг нэмлээ гэхэд хятадууд ч өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах нь тодорхой ажээ. Тэг­вэл энэ хоёр улсын эрх аш­гийн дунд хавчуулагдсан да­раа­гийн сэдэв бол төмөр зам. Төмөр за­мын талаарх олон улсын чуулга уул­залт Монголд болох үед дээрх хоёр орны тал өөрсдийн эрх ашгийг хатуу чангаар тодорхойлж байсан. УИХ-аас өргөн нь үү, нарийн нь уу гэдэг эцсийн шийдвэр гараагүй учир Хятадын тал ч бууж өгөхгүй байгаа. Мөн Тавантолгойн түншийн сонгон шалгаруулалтад гэхэд л Хятадын “Шинхуа Энержи” консорциум орж байгаа бол Оросын тал хамтарсан консорциумаа мөн л санал болгосон. Австралиас нүүрс зөөх, Монголоос тээвэрлэх хоёрын аль нь ашигтай вэ гэдгийг хэн ч бодож олж чадах учраас Хятадын хувьд Тавантолгойг алдах сонирхолгүй байгаа. Илүү тодорхой болговол Австралиас тээвэрлэдэг нэг тонн нүүрснийх нь дундаж үнэ 138.8 ам.доллар байдаг бол Монголоос тон­ныг нь дунджаар 53.8 ам.доллараар тээвэрлэдэг тооцоо бий. Үүнтэй холбоотойгоор гурван тэр­бум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно хэмээн нэг хэсэгтээ шуу­гьсан. Африкийн “Standard bank”, Перугийн “Peru Copper”, Нор­вегийн газрын тосны “Awilco Offshore”, Пакистаны үүрэн телефоны “Pak­tel”, Австралийн төмрийн хүдрийн томоохон орд тэргүүтэй хам­гийн ашигтай, бас хамгийн их зар­дал гарах хөрөнгө оруулалтыг ээлж дараалан улсын мэдлийн ком­панийхаа шугамаар өөрийн болгож буй улсын хувьд урд хөрш маань Монголд 300 сая ам.дол­ларын зээл олгоно гэж бөөн бэрх­шээл дагуулж байсан цаг саяхан.Уг зээлийн тодорхой хувийг төмөр замд зарцуулах болзлыг ч тулгаж байв. Ийн хятадууд Монгол дахь эрх ашгаа хамгаалахын тулд хөнгөлөлттэй зээлээр улстөрчдөд мөнгө босгож өгөхийг чухалчилсаар байгаа. Наад зах нь Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимыг хүртэл шинэ байранд оруулсан нь уг төрийн бус бай­гууллагаар дамжин манай бизнес эрх­лэгчдийн харилцааг тэтгэх нэг хө­шүүрэг болсон гэвэл худлаа бо­лохгүй болов уу.

Оросын тал ч үүний нэгэн адил “Атрын III”-д зориулж, С.Баярыг Ерөнхий сайд болохтой зэрэгцэн 300 сая ам.дол­ларын зээл олгож байсан. Үүнийгээ манай улсын газар тариа­ланг дэмжих зорилготой гэж байсан ч тухайн үед тулгасан хатуу болзол нь арилжааны банкуудыг татгалзахад хүргэж байсан юм. Амьдрал дээр 300 сая ам.доллар гэж байсан ч одоогоор авсан нь ердөө л 10 сая ам.доллар. Болзол нь хэт хатуу. Бараг л уран яригдаж эхлэхтэй зэрэгцэн ид яригдаад аажимдаа саарчихсан гэж болно. Тэ­гээд ч дээрх санхүүжилтээр зөв­хөн өөрийн орноос бараа, бүтээгдэхүүн авах ёстой гэдэг хатуу бодлого барьдаг нь эргээд Орос, Хятадын эдийн засгийг тэтгэх нэг хөшүүрэг болдог гэдгийг нь хэлэх хэрэгтэй болов уу. Ингэж зээлийн дэмжлэгээр дамжуулж, өөрсдийн саналыг батлуулах, эх орондоо ашиг оруулахыг хүсдэг дээрх хоёр орны уралдаж өгсөн зээл нь цаана аа зүгээр нэг сул зорилго байдаггүй нь ойлгомжтой санагдана.

Сүүлийн үед “Айвенхоу майнз”-тай “Чайналко” хамтарч ажиллахаар тохиролцож буй нь ч оросуудын ашиг сонирхлын гадна үлдэх нь юу л бол. Тэдний хувьд Монголын төмрийн хүдрийг гартаа оруулсан Хятадын талд бүхий л ашигт малтмалыг үлдээнэ гэдэг нь хэзээ ч хүлээн зөвшөөрөх аргагүй шийдэл. Иймд Тавантолгойг биш юм гэхэд төмөр замыг өөрсдийн мэдэлд үлдээх замаар хүнд цохилт үзүүлэх нь Оросын талд хожил авчрах биз ээ. Ямартай ч, хөрөнгө оруулалт, орд газар эзэмших эрх, дэд бүтэц гээд зээлийн дэмжлэгээр хүртэл өөр хоорондоо тулалдаж буй тэдний тулааны гол бай нь Монгол байсаар байх нь тодорхой. Гагцхүү Монголын эрх ашгийг эцсийн найдварт хүртлээ хамгаалж үлдэх үүрэг улстөрчдийн гарт бий нь дээрх хоёр гүрний ашиг сонирхлоос ч илүү том аюул болж мэдэх юм. Учир нь тэд Монголыг хэрхэн удирдаж байгаа билээ дээ.

Г.Отгонжаргал.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж