Дуу хуурын өлгий нутгийн хийморьлог уяачид өчигдөр (03.09) “Их мандал-2013” хаврын бүсийн уламжлалт уралдааныг зохион байгууллаа. Энэхүү уралдаанд азарга, их нас, соёолон насны хурдан морьд тоосоо өргөжээ. Азарганы уралдаанд 72 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэснээс Сайнцагаан сумын уугуул Ганзоригийн Мөнхбатын хээр түрүүлж, Луус сумын уугуул МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэчулууны Пүрэвсүрэнгийн хүрэн аман хүзүүдлээ. Харин айргийн гуравт Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Эрдэнэбулганы /шинэхэн аймгийн Алдарт уяач/цагаан, айргийн дөрөвт Өлзийт сумын уугуул Жамсрангийн Отгонбаярын цагаан, айргийн тавд Хулд сумын уугуул Доржжанцагийн Баттөрийн буурал тус тус хурдаллаа.
Их насны морьдын уралдаан 130-аад хурдан буян тоосоо өргөснөөс Луус сумын уугуул Чулуунбаатарын хээр тэргүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн байна. Харин аман хүзүүнд Өлзийт сумын уугуул Цогбадрахын сартай хүрэн хурдалсан бол айргийн гуравт Сайхан-Овоо сумын уугуул Угтахбаярын зээрд, айргийн дөрөвт Өлзийт сумын уугуул аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын шарга, айргийн тавд Луус сумын уугуул Чулуунбаатарын хар тус тус хурдалжээ. Ийнхүү их насны морьдын уралдаанд Чулуунбаатар уяач одтой наадан нэг дор түрүү, айраг хүртсэн байна.
“Их мандал-2013” наадмын хурдан соёолонгийн уралдаанд 100 хурдан ажнай тоосоо өргөсөнөөс түрүү магнайгаар Хулд сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Эрболдын хонгор тодорч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач, “Өмнийн говийн хүлэг” холбооны тэргүүн Х.Түмэнбаярын хүрэн аман хүзүүдсэн байна. Харин айргийн гуравт Хулд сумын уугуул Мөнхбатын хүрэн халзан, айргийн дөрөвт Адаацаг сумын уугуул, улсын сайн малчин Бүдсүрэнгийн хонгор халзан, айргийн тавд Хулд сумын уугуул Батжаргалын шарга тус тус хурдалсан байна.
Эх сурвалж: www.todmagnai.mn