Гоцлол балетчин тэрбээр өөр хоёр этгээдийн хамт уран сайхны удирдаачид халдаж, хүчлээр нүүрийг нь түлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Дээрх хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард Москва хотод гарсан бөгөөд Сергей Филинийг орц руугаа орж явахад нэгэн этгээд араас нь дуудаж, эргэж харах үед нүүр рүү нь хүчил цацжээ. Цагдаа нарын мэдээлснээр сэжигтнүүд буруугаа хүлээсэн гэнэ. Шүүх хурлын үеэр сэжигтнүүдийн батлан даалтад гарах хүсэлтийг шүүгч хүлээж аваагүй байна.
42 настай Сергей Филин хүчлийн халдлагаас хойш хараа нь эрс муудаж, хэд хэдэн мэс засалд орсон бөгөөд эмчилгээ хийлгэхээр Герман руу явжээ.
Эмч нар түүний хараа сайжирна гэж найдлага тавьж байгаа юм байна.
Оросын хэвлэлүүдээр дээрх халдлага Большой театрын уран бүтээлчдийн хоорондох далд тэмцэл, өш хонзонг илчилсэн тухай бичиж байгаа гэнэ.
Сергей Филиний нүүр рүү хүчил цацсан хэрэгт Юрий Заруцкий, гэмт этгээдүүдийн машиныг жолоодож явсан Андрей Липатов, хэргийг зохион байгуулсан гэж Павел Дмитрий нарыг сэжиглэж байгаа юм байна.
Дмитриченко мэдүүлэгтээ театрын удирдлагуудын хээл хахуулийн талаар Андрейд ярьсан бөгөөд тэр "За яахав, түүнийг болгоод өгнөө” гэж хариулсан, би ч зөвшөөрсөн гэжээ.
Цагдаа нар Павел Дмитрийг дээрх халдлагыг зохион байгуулахад хамсаатнууддаа 50,000 рубль буюу 1,600 ам.доллар төлсөн гэж үзэж байгаа юм байна.
Сэжигтнүүдийг шүүхийн шийдвэр гарах хүртэл баривчлан хорих бөгөөд хүний биед санаатайгаар ноцтой хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа гэнэ.
Павел Дмитриченко нь 2002 оноос хойш Большой театрт ажиллаж байгаа бөгөөд эрэгтэй гоцлол бүжигчнээс нэг шат доогуур боловч шилдэг солистуудын нэг байжээ.
Тэрбээр Догшин Иван жүжгийн гол дүрд тоглож байсан юм байна.