
Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд нийт 330 сум байдгаас 3000 хүртэл хүн амтай сум 170, 3000-5000 хүн амтай сум 100, 5000-аас дээш хүн амтай сум 28, хот маягийн суурингууд 11, хилийн боомт бүхий сум 18 байна. Өнгөрсөн хугацаанд орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого төлөвлөж хэрэгжүүлж ирсэн ч үр дүн муутай байгаа нь орон нутагт чухам юуг хийх шаардлагатай байна вэ гэдэг дээр иргэдийн санал бодлыг тэр болгон тусгадаггүй байсантай холбоотой гэж холбогдох яамдууд үзжээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг давхардуулж төлөвлөдөг, сум хөгжүүлэх төрөл бүрийн сангуудын нэгдсэн бодлого салбар хоорондын зохицуулалт байдаггүй, орон нутгийн өмчийн мэдэлд ашиглагдахгүй байшин барилгууд байдаг ч хувийн хэвшлийнхэнд ашиглах боломжийг олгодоггүй зэрэг асуудал байгаа аж. Тиймээс энэ бүхнийг зохицуулах шаардлага ч үүсч буй юм байна. Нөгөө талаас суманд амьдарч байгаа иргэдийн 60-70 хувь нь банкны зээлтэй гэсэн дүн мэдээ ч гарчээ. Банкны зээлийн хувьд авч үзвэл нийт зээлдэгчдийн тоо 415032 хүрсэн бол зээлийн хэмжээ 1 их наяд 795 тэрбум төгрөгт эргэлдэж байгаа аж. Тиймээс ажлын хэсгийнхэний орон нутагт ажиллаж байгаа томилолт “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэхэд суурь нь болно гэж үзэж байна.